Ж.Байден Б.Жонсонд унадаг дугуй бэлэглэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-11 09:18:02

ЛОНДОН. /PA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсонтой уулзах үеэрээ түүнд Америкт үйлдвэрлэсэн унадаг дугуй, хамгаалалтын малгай бэлэглэжээ. Ж.Байден “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Карбис-Бэй хотод ирээд байгаа билээ.


Харин дугуйгаар байнга аялал хийдэг Борис Жонсон өнгөт арьстнуудын эрхийн төлөө тэмцэгч Фредерик Дугласт зориулж Эдинбургт зурсан ханын зургийг АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд гардуулсан байна. 


Үүнээс гадна Цагаан ордны тэргүүн Ж.Байденыг дагалдаж явсан гэргий Жилл Байден Английн зохиолч Дафна дю Морьегийн “Алимны мод” өгүүллэгийн түүврийн анхны хэвлэлийг бэлгэнд авчээ. Харин Их Британийн Ерөнхий сайдтай 5 дугаар сарын 29-нд хуримаа хийсэн Кэрри Жонсон Америкийн цэргийн албан хаагчдын гэргий нарын урласан арьсан цүнх, торгон ороолт бэлэг болгон авсан байна.


Уулзалтын үеэр талууд Хятад, Иран, Орос зэрэг гадаад бодлогын хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Гэсэн ч энэ талаар нарийн тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Их Британи, АНУ-ын харилцааны асуудал талуудын яриа хэлэлцээний гол сэдэв болжээ.


Ж.Байден, Б.Жонсон нарын уулзалт Корноулл хойгийн эрэг дэх Карбис Бэй хотод 6 дугаар сарын 11-13-ны хооронд уламжлалт хэлбэрээр зохион байгуулагдах “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө боллоо. Дээд хэмжээний уулзалтад “Долоогийн бүлэг”-ийн удирдагчдаас гадна Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен нар болон Австрали, БНСУ, ӨАБНУДХБ-ын ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеале нар тусгайлан уригдсан байна. Харин Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди улс оронд нь үүссэн коронавирусний хурцадмал нөхцөл байдлын улмаас уулзалтад алсын зайнаас оролцоно.


Талууд юу ярилцав?

“Талууд ард иргэдээ хамгаалах, тэдний сайн сайхан байдлыг дээшлүүлэх, үнэт зүйлсээ дэлхий дахинд сурталчлах хоёр улсын харилцааны ач холбогдлыг хэлэлцсэн. Их Британи, АНУ-ын түншлэлийн харилцаа уур амьсгалын өөрчлөлт, цар тахлын дараах сэргэлт зэрэг хамтын сорилтын нөхцөлд өдгөө өмнөхөөсөө илүү чухал болсон гэдгийг хоёр улсын удирдагчид хүлээн зөвшөөрөв” хэмээн Их Британийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын мэдэгдэлд дурджээ.  


“Түүнчлэн хоёр улсын арилцжааны төдийгүй хүмүүс хоорондын харилцаа холбооны ач холбогдлыг цохон тэмдэглэхийн сацуу улс орнууддаа төдийгүй олон улсын түвшинд аялалыг сэргээх, цар тахлыг ялан дийлэхэд тус болох мэдээллийг хуваалцахаар тохиролцсон. Мөн хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг тэглэх зорилгодоо хүрэхийн тулд хөдөлмөрлөөд зогсохгүй эдийн засаг нь хөгжиж буй орнууд ногоон технологид хүрэх боломжтой эсэхийг нягтлахаар тохиролцсон” хэмээн мэдэгдэлд мөн дурдсан байна.


Хоёр улс цөмийн зэвсэггүйгээр энх тайван тогтоох, зэвсэглэлд үр дүнтэй хяналт тавих чиг шугамыг баримтална гэдгийг талууд мэдэгджээ. 


Их Британи, АНУ-ын эрх баригчид XXI зууны аюул заналхийллийг сөрөхийн тулд батлан хамгаалах, аюулгүй байдал, тагнуулын салбарт түншлэлийн нягт харилцаа холбоогоо бэхжүүлэхийг зорьж буйг мэдэгдэлд онцлон тэмдэглэв. Эдгээр сорилтод кибер аюулгүй байдал, гадаадын хөндлөнгийн оролцоо, нөлөөгөө тогтоох хор хөнөөлтэй компаниуд, санхүүгийн хууль бус ургсгал, хүчирхийллийн шинжтэй сөргөлдөөн, хэт давруу үзэл, терроризм бүхий хэлбэрээр илэрч буй асуудлууд багтаж байгаа аж. 

Холбоотой мэдээ