Зөвшөөрөгдсөнөөс бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг аймаг, сумын хэмжээнд хориглов

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-06-15 10:46:44

Архангай /МОНЦАМЭ/. АОК, Шуурхай штаб энэ сарын 14-нд хуралдаж, дараах  шийдвэрийг гаргажээ.

1. Аймгийн хэмжээнд коронавирусний халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан олон хүн төвлөрсөн үйл ажиллагаа болох хурал, цуглаан, уулзалт, аливаа баяр ёслол тэмдэглэх, хурдан морь уралдуулах, одон болон хүүхдийн үсний найр, овооны наадам, хурим, Цахир суман дахь Гэсэр багшийн шүтээнд мөргөх, сургалт зохион байгуулах, соёл, урлагийн уралдаан тэмцээн, баар, ресторан, караоке, хүүхдийн тоглоомын газар, рашаан сувилал, жуулчны баазын үйл ажиллагаа, аялал, зугаалга хийх, нэг дор 5-аас дээш хүн төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахыг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагаас 06 дугаар сарын 30-ны өдрийн 20:00 цаг хүртэлх хугацаанд аймаг, сумдын хэмжээнд хориглов.


2. Аймаг, сум, хот хооронд тээврийн хэрэгсэл иргэдийн зорчих хөдөлгөөнийг вакцины бүрэн тунд хамрагдаж 14 хоносон, хүндэтгэн үзэх шалтгаанаар эрүүл мэнд, буяны ажил, хүнс, ачаа тээвэрлэх иргэдээс PCR шинжилгээний сөрөг хариуг үндэслэн хийх.


3. Дээр дурдсанаас бусад шалтгаанаар аймаг, сум, хот хооронд зорчих хөдөлгөөн, Улаанбаатар хот, бусад орон нутгаас ирэх, явах нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагаас 06 дугаар сарын 30-ны өдрийн 20:00 цаг хүртэлх хугацаанд аймаг, сумдын хэмжээнд хориглов. 


4. Олон нийтийг хамарсан, хүн олноор төвлөрсөн арга хэмжээ, байгууллага, хувь хүмүүсийн хооронд уулзалт, баяр ёслол тэмдэглэх, аялал зугаалга зохион байгуулахгүй байхыг аж ахуй нэгж байгууллагын дарга, захирал, удирдлага болон сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.


 5. Халдварын голомттой бүсээс хүндэтгэн үзэх, зөвшөөрөгдсөн шалтгаанаар хот, орон нутгаас ирсэн иргэд 7 хоног гэрийн тусгаарлалтад байхыг нийт иргэнд үүрэг болгов.


6. Захирамжийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан, амны хаалт зүүгээгүй, олон хүн төвлөрүүлсэн арга хэмжээ зохион байгуулсан байгууллага, аж ахуй нэгж, худалдаа үйлчилгээний байгууллагын удирдлагууд, иргэдэд хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг холбогдох албаны удирдлагуудад үүрэг болгов.

Холбоотой мэдээ