Өнөөдөр-Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-06-17 15:30:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-аас энэ өдрийг “Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр” хэмээн зарласан байдаг.


Цөлжилт нь зөвхөн нэг улс орны асуудал биш. Дэлхийн эх газрын 40 гаруй хувь нь доройтолд өртөөд байгаа. Эдгээр бүс нутагт 1.5 тэрбум орчим хүн оршин суудаг бөгөөд тухайн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэйд тооцогддогийг БОАЖЯ мэдээлжээ


Иймээс дэлхийн улс орнууд цөлжилттэй тэмцэх, түүний эрчийг сааруулах зорилгоор 1994 онд “Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцыг баталж, 195 улс орон нэгджээ. Манай улсын хувьд 1996 онд цөлжилттэй тэмцэх конвенцыг соёрхон баталсан эхний 50 улсын нэг юм.


Монгол Улсын Засгийн газар 2010 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, 2012 онд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийг баталж газрын доройтол болон цөлжилттэй тэмцэж байна.

Тухайлбал, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймагт цөлжилттэй тэмцэх хүрээнд хамгаалалтын зурвас байгуулж эхлээд байгаа. Энэ ондоо багтаан нийт 200 орчим га талбайд цөлжилттэй тэмцэх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.


Монгол орны нийт нутгийн 76 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа. Түүний 56 хувь нь байгалийн үзэгдэлтэй , 44 хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой гэж үздэг аж. Сүүлийн 75 жилд газрын гадарга орчмын агаарын жилийн дундаж температур 2.1 хэмээр дулааран, жилд орох хур тунадасны хэмжээ 7 хувь орчим багасжээ. Хангайн бүсэд дунджаар 10 жилд 1-2 удаа, говийн бүсэд 2 жилд 1 удаа, хээрийн бүсэд 3 жилд нэг удаа болдог ган, хөрсний усаар болон салхиар эвдрэн өөрчлөгдөх болсон нь манай орны цөлжилтийн нөлөө нь аж. 

 

Холбоотой мэдээ