"Ногоон бонд" гаргах журмыг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-06-18 17:07:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЗХ ногоон санхүүжилтийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх "Ногоон бонд" гаргах шинэ журмыг баталлаа.


Манай улс дахь ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар Монгол Улсад тулгарч буй байгаль орчны асуудлыг шийдвэрлэх зорилгоор СЗХ Дэлхийн банкны бүлгийн гишүүн байгууллага Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК)-тай 2020 оны 5 дугаар сард Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм.


Санамж  бичгийн хүрээнд, ОУСК олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн "Ногоон бонд"-ын зарчимд нийцүүлэн ногоон бонд гаргах, түүний бүртгэлтэй холбоотой харилцааг зохицуулсан журам боловсруулахад дэмжлэг үзүүллээ. Уг харилцаатай холбоотой зохицуулалтыг шинээр баталсан “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-д тусгах асуудлыг СЗХ дэмжиж, хамтран ажилласан байна. Энэхүү зохицуулалт бий болсон нь Монгол Улсад байгаль орчинд ээлтэй, ногоон төслүүдийг санхүүжүүлэх дотоодын ногоон бондын зах зээлийг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлэх алхам болох юм.




Олон улсын хэмжээнд "Ногоон бонд" нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх зэрэгт шаардагдах хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэхэд өргөнөөр ашиглаж байгаа юм. Монгол Улсын хувьд одоогоор "Ногоон бонд" гаргасан тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм. Хэдий тийм боловч ногоон бонд гаргах сонирхол, эрэлт хэрэгцээ их байгаа бөгөөд жилд ойролцоогоор 1 тэрбум ам.долларын ногоон санхүүжилтийн хэрэгцээ байгаа гэсэн судалгаа гарчээ.

 

“Монгол Улсын Засгийн газраас ногоон эдийн засгийг дэмжихэд чиглэсэн хэд хэдэн бодлого, хөтөлбөр гаргасан. "Ногоон бонд" гаргах үйл ажиллагааг зохицуулсан журмыг баталснаар ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал алхам болж байгаа юм” гэдгийг СЗХ-ны дарга Д.Баярсайхан онцолж байна. “Хөрөнгийн зах зээлд илүү олон оролцогчийг оролцуулах, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд бид ногоон бонд гаргахад тавих шаардлагыг тодорхой болгон ОУСК-тай хамтран ажиллаж байна” гэдгийг тодотгов.




Өнгөрсөн оны 12 дугаар сард зохион байгуулсан Уур амьсгалтай холбоотой зорилтуудыг хэлэлцэх олон улсын чуулган дээр Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд тодорхойлсон Хүлэмжийн хийг бууруулах үүрэг амлалтаа 2030 он гэхэд 27.2 хувьд хүргэхээр нэмэгдүүлэн тодорхойлсон юм. Энэхүү шинэ үүрэг амлалтыг биелүүлэхэд 11.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардагдахаар байгааг холбогдох судалгаанд дурдсан байна.  


“Монгол Улсын газар зүй, цаг уурын онцлог нь сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд таатай боломжийг бий болгож байдаг” гэдгийг ОУСК-ийн санхүүгийн байгууллагуудад зөвлөгөө өгөх газрын Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дарга Камар Салем хэлж байна. Тэрээр “Энэхүү боломжийг ашиглаж ногоон бонд гаргах эсвэл ногоон бондод хөрөнгө оруулах сонирхолтой санхүүгийн болон хувийн хэвшлийн бусад байгууллага олон байгаа бөгөөд энэ нь Монгол Улсад байгаль орчинд илүү ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, хог хаягдал багатай хүрээлэн буй орчныг бүрдүүлэхэд туслах болно” гэсэн байна.


Монгол орны эрс тэс уур амьсгал, нүүрснээс хамаарах хамаарал, эрчим хүчний хэмнэлт бага байгаа байдал зэргээс шалтгаалан нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалт нь ижил төстэй эдийн засагтай бусад орнуудтай харьцуулахад ихээхэн өндөр байдаг байна. Ногоон бонд гарган хөрөнгө оруулалт татсанаар сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжих, мөн эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах боломжтой болох юм. 


ОУСК нь дэлхийн хөгжиж буй орнууд дахь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрийг дэмжигч хамгийн том санхүүжүүлэгч байгууллагын нэг юм. Сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний хэмнэлтийг дэмжих чиглэлээр хувийн хэвшлийн төслүүдэд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор ОУСК нь Олон улсын ногоон бондын хөтөлбөрийг 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тус корпорац 20 төрлийн гадаад валютаар нийтдээ 10 гаруй тэрбум ам.долларын 157 удаагийн ногоон бондыг зах зээлд амжилттай гарган ажиллаж иржээ.  


Холбоотой мэдээ