Нэг хот айлын 20 орчим хүн халдвар авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-06-23 11:15:51

Увс /МОНЦАМЭ/. Малчин суманд энэ сарын 17-ны өдөр коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ тоо өнөөдрийн байдлаар 77-д хүрээд байна. Тус суманд нөхцөл байдал ямар байгаа талаар Засаг дарга Б.Бумцэндээс утсаар тодруулахад:

 "Улаанбаатар хотоос ирсэн 2 хүүхэд, нэг эрэгтэй гэсэн халдварын хоёр эх үүсвэрт тандалтыг эхлүүлсэн. Урьдчилсан байдлаар халдвар авсан иргэдийн 1-р хавьтал 300 орчим хүн байна. Тухайн хүүхдүүдийг аав нь хөдөө айлд хүргээд буцсан гэх өгүүлэмжтэй. Одоогоор нэг хот айлын 20 орчим иргэнээс халдвар илэрлээ. Эдгээр иргэдийн хувьд мал, гэр эзгүйдэх учир тухайн орчинд нь тусгаарлан, гэрийн эмчилгээ рүү шилжүүлсэн. Сумын 4 багт халдвар илэрсэнтэй холбоотой хөл торио тогтоон, тандалт, тусгаарлалт хийж байна. Тусгаарлалтад 39 иргэн байгаа ба цаашид орон байрны хүрэлцээг шийдэх шаардлагатай. Сумын Эрүүл мэндийн төв халдварын голомт болсон учир эмчилгээ, үйлчилгээний асуудал хүндрэлтэй байгаа. Аймгаас хариу арга хэмжээний баг ирж ажиллаж байна" хэмээн тэрбээр хэллээ.

Холбоотой мэдээ