ДЭМБ хүүхдүүдийг вакцинжуулах зөвлөмжөө өөрчилжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-06-24 12:54:32

ЖЕНЕВ. /TASS/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусний вакцинжуулалтын талаарх зөвлөмжөө шинэчилж, хүүхэд, өсвөр насныханд зориулсан заалт нэмж оруулжээ. Шинэчлэгдсэн хувилбарыг ДЭМБ-ын албан ёсны цахим хуудаст байрлуулсан байна.


“Бага насны болон, өсвөр насны хүүхдүүд насанд хүрэгчидтэй харьцуулахад харьцангуй хөнгөн өвдөж байна. Тиймээс хэрэв тэд коронавируст халдвараар хүнд өвдөх эрсдэлтэй бүлэгт багтаагүй бол өндөр настнууд, архаг хууч өвчтэй хүмүүс, эрүүл мэндийн ажилтнуудтай адил яаралтай вакцинд хамрагдах шаардлагагүй” гэж зөвлөмжид дурдсан байна. Өмнө нь тус байгууллагаас хүүхдүүдэд вакцин хэрэглэх талаар “хангалттай мэдээлэл байхгүй байна” гэж мэдэгдэж байсан юм.


ДЭМБ-ын стратегийн зөвлөх шинжээчдийн бүлэг Pfizer/BioNTech-ийн вакциныг 12 ба түүнээс дээш насныханд хэрэглэхэд тохиромжтой гэж дүгнэсэн болохыг зөвлөмжид мөн онцлон тэмдэглэжээ. Судалгаанаас шинэ нотлох баримт гарч ирэх эсвэл халдварын нөхцөл байдлаас шалтгаалан бодлогоо өөрчлөх шаардлагатай болсон үед ДЭМБ зөвлөмжөө шинэчилнэ гэж мэдээлж  байна.


Холбоотой мэдээ