Хураан авсан хахуулийн мөнгийг улсын орлого болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-25 13:52:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан хахуулийн 639 244 450 төгрөгийг Төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болголоо.


Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа иргэд, аж ахуйн нэгжээс хясан боож хахууль авсан Н.Баярсайхан нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх энэ оны дөрөвдүгээр сарын 14-нд эцэслэн шийдвэрлэсэн. Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед эд мөрийн баримтаар Н.Баярсайханы Хан-Уул дүүргийн Жаргалан хотхон дахь орон сууцанд нэгжлэг хийж зочны өрөөнөөс 5.1 сая төгрөг, 16.460 ам.доллар, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, сейфнээс 140 сая төгрөг, 127.117 ам.доллар, 50 мянган юань, мөн түүний ажлын өрөөнөөс 10.8 сая төгрөг, 8600 ам.доллар тус тус илрүүлж, хураасан байна. Дээрх мөнгө, валютыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэж үзэн улсын төсөвт шилжүүлэхээр шүүхээс шийдвэрлэсэн юм.


Ийнхүү хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн Авлигатай тэмцэх газарт битүүмжлэн хадгалж байсан 173.4 сая төгрөг, 152.177 ам.доллар, 50 мянган юань, Г.Элдэв-Очироос хураан авсан 5 сая төгрөг, С.Бүрэнтөгсөөс хураан авсан 5 сая төгрөгийг Төрийн сангийн дансанд тушаажээ.


Мөн энэ хэргийн өөр нэг холбогдогч болох Э.Аззаяад холбогдох хэргийг тусгаарлаж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Аззаяагийн өмчлөлийн Рапид хотхон дахь орон сууцнаас 57.4 сая төгрөг, 20 мянган юань илрүүлж, эд мөрийн баримтаар хураасан байна.


Д.Урансолонго

Холбоотой мэдээ