Экспортыг дэмжих төслийн хүрээнд 10-300 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгох боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2021-07-01 10:14:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Экспортыг дэмжих төсөл”-өөс хэрэгжүүлж байгаа ажлын талаар уг төслийн зохицуулагч Б.Дөлгөөн мэдээллээ.

 

Тэрбээр, Дэлхийн банканд санхүүгийн зөвлөхөөр 10 орчим жил ажилласан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Экспортыг дэмжих төсөл”-ийн хамтран зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм.

 

Б.Дөлгөөн: “Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн 20 сая ам.долларын санхүүжилттэй “Экспортыг дэмжих төсөл”-ийг 2016 оноос Сангийн яаманд хэрэгжүүлж байгаад 2020 оноос ХХААХҮЯ руу шилжүүлсэн. Энэхүү төсөл 2023 оныг дуустал хэрэгжинэ.

 

Манай Улсын хувьд экспорт маш харамсалтай түвшинд байна. Нийт экспортын 95 хувийг эзэлж буй уул уурхайн экспортыг задалж үзэхэд ихэнх нь нэмүү өртөг шингээгүй түүхий эд байдаг. Уул уурхайн бус экспортын 97 хувийг 9 бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Эдгээр бүтээгдэхүүний ганцхан нь бэлэн бүтээгдэхүүн байна. Тэр нь ноосон бүтээгдэхүүн буюу нэхмэл, ноолууран хувцас юм.


 

Экспортлогч Аж ахуйн нэгж /ААН/-үүд маш цөөхөн байдаг. Сүүлийн гурван жилд 1500 орчим ААН их, бага хэмжээгээр экспорт хийжээ. Гэхдээ нийт экспортын 70 орчим хувь нь 30 ААН-ээс хамааралтай байна. Эдгээр 30 ААН-ийн ердөө хоёр нь л бэлэн бүтээгдэхүүн экспортолж байгаа юм.

 

Сүүлийн гурван жилд манай улс 82 улс руу экспорт хийсэн ч үүний 97 хувь нь 11 улс руу хийгдсэн. Хамгийн их нь буюу БНХАУ руу нийт экспортын ойролцоогоор 80 орчим хувийг хийжээ.

 

“Экспортыг дэмжих төсөл”-ийн Түншлэлийн хөтөлбөр экспортлогч ААН, кластерт зориулсан гэсэн 2 хэсэгтэй явагдаж байна. Үүнээс ААН-д 10-150 сая төгрөг, Кластерт 10-300 сая төгрөг хүртэлх буцалтгүй тусламж өгөх боломжтой юм байна.


 

Тодруулж хэлбэл, манай төсөл уул уурхайн бус салбарын нэгжүүдийн экспортыг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх, экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх, төрөлжүүлэх, цар тахлын  үр нөлөөг бууруулахад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой. Уг төсөл дараах бүрэлдэхүүн хэсэгтэй.

 

Нэгдүгээрт, Экспортын даатгалын бүтээгдэхүүнийг бий болгож зах зээлд нэвтрүүлэх юм. Үүний дагуу шинэ бүтээгдэхүүнээ бид ирэх есдүгээр сард нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.

 

Хоёрдугаарт, Экспортын чадавхыг бэхжүүлэх. Үүний дотор:

 

Гадаад худалдааны бодлого зохицуулалтыг сайжруулах, чадавх бэхжүүлэх ажил багтана.

 

Олон улсад Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулах.

 

Түншлэлийн хөтөлбөр.

 

Цар тахлын нөлөөллийг бууруулахад дэмжлэг үзүүлэх,

 

Гуравдугаарт, Баталгаажуулалт, чанарын удирдлагыг сайжруулах

 

Дөрөвдүгээрт, Төслийн үйл ажиллагааг дэмжих гэсэн бүрэлдэхүүн болон дэд бүрэлдэхүүн хэсгүүдтэй.

 

Төслийн зохицуулагч Б.Дөлгөөн уг үйл ажиллагааны явцыг хэрхэн хянаж байгаа талаар: ”Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилттэй төсөл болохоор Дэлхийн банкнаас жилд 2 удаа хяналтын баг ажилладаг. Энэ үеэр төслийн хэрэгжилт хэр өрнөж байна, цаг хугацаандаа хэрэгжих боломжтой байна уу, төслийн багийнхан төслийг үргэлжлүүлэх чадавхтай байна уу зэргийг хянадаг. ХХААХҮЯ-наас төслийн хэрэгжилтэд хяналт тавьдаг бол Үндэсний аудитын газраас санхүүгийн болон гүйцэтгэлийн аудит хийдэг” хэмээн онцлон ярилаа.

Холбоотой мэдээ