Наймдугаар сарын 1-нээс ил задгай мах худалдахыг хориглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. ШӨХТГ-аас сүүлийн саруудад хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээллээ. Үүнд, ажил, үйлчилгээ гүйцэтгэх тендертэй холбоотой гомдлын дагуу, Замын-Үүд дэх ачаа тээврийн үйл ажиллагаанд болон эмийн сангууд, шатахуун түгээх төвүүдэд хийсэн хяналт шалгалт, хүнсний "Хүчит шонхор" зах зэрэг 8 төрлийн хяналт шалгалт оржээ.
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийн мэдээлснээр, шатахуунтай холбоотой бүх шинжилгээний дүн гарчээ. Шатахуун түгээх, худалдан борлуулж буй бүх компанийг шалгалтад хамруулжээ. Одоогоор "Петростар" компанийн Аи-92 шатахуунаас механик хольц илэрсэн байна.
Тендерийн болон Замын-Үүдийн ачаа тээвэртэй холбогдох гомдлын талаар ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэгийн мэдээлснээр, энэ оны хагас жилийн байдлаар нийт 170 орчим тендерийн гомдол хүлээж авчээ. Үүнээс 45 тендер нь хууль зөрчсөн байна. Ирүүлж байгаа гомдлын дийлэнх нь эрүүл мэнд болон уул уурхайн салбартай холбоотой байна. Мөн гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа төсөл хөтөлбөр, худалдан авалтын ажилтай холбоотой ирсэн. Гомдлоос авч үзвэл "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой 30 тендер ирснээс 14 нь хууль зөрчсөн дүгнэлт гарсан.
4 дүгээр сарын 7-ноос БНХАУ руу тээврийн хэрэгсэл бага багаар нэвтрүүлж эхэлсэн. Импорт багассаны улмаас жижиглэнгийн худалдаа 20 гаруй хувиар өссөн. Эрээнээс Улаанбаатар хүртэлх тээвэрт энгийн үед жолооч сард 4-5 удаа тээвэр хийж 3-3.5 сая төгрөгийн хөлстэй байсан. Гэвч импорт багассаны улмаас тээврийн хөлс нь 20-30 сая болж өссөн. Эдгээр хүмүүст шалгалт хийж 38 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн учир торгуулийг жолооч болон байгууллагад ногдуулахаас өөр сонголтгүй. Одоогийн байдлаар Улаанбаатараас Эрээн рүү 4 шаттай тээвэр хийж байна. Бараа бүтээгдэхүүн, хүнсний тээврийг дугаарлахгүйгээр нэвтрүүлэх, ачаа тээврийн машиныг нэмэгдүүлэх саналыг УОК-т өгөөд байгааг дуулгалаа.
Мөн нэр бүхий сүлжээ дэлгүүрүүд, ТҮЦ бусад нэгжид хийсэн шалгалтаар нийтлэг 33 зөрчлийг тогтоож, тухайн ААН-үүдэд стандартад нийцүүлэх шаардлага тавьсан. Хүнсний үйлдвэрлэлийн “Газар шим”, “Баясах Хульж” зэрэг компани зөгийн бал нэртэйгээр хуурамч бүтээгдэхүүн гаргасан учир 5 сая төгрөгийн торгууль ногдуулж, хиймэл зөгийн бал нэртэйгээр худалдан борлуулахаар болсон байгаа.
ШӨХТГ-аас "Хүчит шонхор" захын эрүүл ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар гэдэсний халдварт бүлгийн нян бактери илэрсэн талаар мэдээллээ. Түүврийн аргаар 82 арчдасаас шинжилгээ авахад 52-т нь шинжилгээгээр гэдэсний халдварт бүлгийн нян бактери илэрчээ. Бактери нь тавцангаас гадна тэргэнцрээс нь илэрсэн байна. Зөрчлийн тухай хуулийн дагуу түрээслэгчийн үйл ажиллагааг түр зогсоож хүн тус бүрд 100 мянган төгрөг ногдуулсан. "Хүчит шонхор" захын дотоод үйл ажиллагааг хариуцаж буй 4 компанид 1 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Улмаар махны ил задгай худалдааг энэ оны 8 дугаар сарын 1-нээс хориглохоор ажиллаж байгаа талаар мэдээлэв.
Гэрэл зургийг Т.Чимгээ. Н.Батбаяр