Олимпын наадмын нээлтийн ёслол өнөөдөр болно

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2021-07-23 09:01:20

ТОКИО. /NHK/. Токиогийн Олимпын нээлтийн ёслол өнөөдөр болно. Зохион байгуулагчид наадмын үеэр тамирчид, арын албаны ажилтнуудын дунд коронавирусний халдварын тархалтыг хэрхэн зогсоох вэ гэдэг нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна.


Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон "Токио-2020" Олимпын нээлтийн ёслол Токио хотын төвд байрлах Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болно. Японы нийслэлд сүүлийн 57 жилийн хугацаанд анх удаа Олимпын наадмыг зохион байгуулж буй нь энэ юм.


Энэ удаагийн Олимп нь хамгийн олон буюу 33 спортын төрөлтэй гэдгээрээ онцлог бөгөөд дэлхийн 200 орчим улс орон, нутаг дэвсгэрийн 11 мянга гаруй тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөнө. Олимпын наадам ирэх наймдугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 


Токиод халдварын үзүүлэлтүүд дахин нэмэгдсэний улмаас онцгой байдал тогтоогоод буйтай холбоотойгоор танхимын үзэгчдийг нээлтийн ёслол тэргүүтэй ихэнх тэмцээнийг үзэж сонирхохыг хориглосон юм. Энэхүү онцгой байдлын дэглэм наймдугаар сарын 22 хүртэл хэрэгжинэ.


Одоогийн байдлаар тамирчид, арын албаны ажилтнуудын дунд коронавирусээр халдварласан олон арван тохиолдол бүртгэгдээд буй нь Олимпын наадмыг аюулгүй зохион байгуулж чадах эсэх талаар шүүмжлэл дагуулаад байна. Мөн наадмыг зохион байгуулагчид сүүлийн өдрүүдэд дуулиан шуугианд өртөх болжээ.


Тодруулбал, нээлтийн ёслолын хөгжмийн зохиолч ангийнхаа хүүхдүүдийг болон бусад сурагчдыг, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зохисгүй хандаж байсан талаарх сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа төлөө үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн юм. Түүнчлэн нээлтийн ёслолын найруулагч олон жилийн өмнөх хошин жүжгийнхээ үеэр еврейчүүдийг үй олноор хомроглон устгаж байсан талаар хошигносон үг хэлснийхээ улмаас шүүмжлэлд өртөн ажлаа хүлээлгэн өгсөн байна.


Олимпын наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Хашимото Сэйкогийн хувьд, олон нийтийн үзэл бодол янз бүр байгааг ухамсарлаж байгаагаа хэлжээ. Гэвч дэлхий дахин хүнд хэцүү нөхцөл байдалтай нүүр тулгараад буй энэ цаг үед спортын хүч чадлыг хүн төрөлхтөнд сануулахын төлөө Олимпын наадмыг зохион байгуулах чин хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 

Холбоотой мэдээ