Японоос Монголд найман сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-08-01 12:39:28

ТОКИО. /Kyodo/. Япон Улс коронавирусний цар тахалтай тэмцэх Монгол Улсын үйлсэд хувь нэмрээ оруулах үүднээс 883 сая иен буюу найман сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх хэлэлцээр байгуулжээ.


Энэхүү хэлэлцээрийн дагуу Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /JICA/ Монгол Улсыг вакцин тээвэрлэх хөргүүртэй тээврийн хэрэгслүүд гэх мэт хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжөөр нэн даруй хангах ажээ.


Монгол тэргүүтэй бусад хөгжиж буй орнуудын хувьд “COVID-19”-ийн вакциныг авахаас гадна тээвэрлэхтэй холбоотой асуудлууд тулгараад байгаа юм. Тодруулбал, вакцинуудыг тээвэрлэх, хадгалахдаа бага температурт байлгах шаардлагатай бөгөөд үүнийг хүйтэн хэлхээ хэмээн нэрлэдэг.


“Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэтэй долоодугаар сарын 22-нд уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Японоос цар тахлыг даван туулахад зориулан үзүүлж буй тусламжид талархал илэрхийлсэн” гэж Японы Гадаад хэргийн яам мэдээлжээ.


JICA” болон Монгол Улсын Засгийн газрын хооронд Улаанбаатар хотноо долоодугаар сарын 19-нд байгуулсан баримт бичигт тусгасан Монголд үзүүлэх шинэ тусламж нь Японы Засгийн газраас хэрэгжүүлж буй улс орон бүрд вакцинжуулалтын аяныг өрнүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн нэгээхэн хэсэг ажээ.


Мөн “JICA” саяхан Мозамбик, Палестинтай 430 сая, 897 сая иений тусламжийг тус тус үзүүлэх хэлэлцээр байгуулжээ. Япон нь НҮБ-ын дэмжлэгтэй “COVAX” хөтөлбөр тэргүүтэй санаачилгуудаар дамжуулан дэлхийн улс орнууд, ялангуяа хөгжиж буй орнуудад вакцинуудыг тэгш хуваарилах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтаараа манлайлж буй орнуудын нэг юм.


Гэвч хөгжиж буй орнуудад вакцины хүйтэн хэлхээг бий болгох нь “COVAX” хөтөлбөрийн хүрээнд голчлон хийгдэхгүй байгаа юм. Үүнтэй холбогдуулан Япон “COVAX” хөтөлбөрийг нөхөх “Last One Mile Support” төслийг хэрэгжүүлж байна гэж Засгийн газрын төлөөлөгчид мэдээлжээ. 

Холбоотой мэдээ