Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-30 18:01:41

УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив.

Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ буурсан нь Монгол Улсын эдийн засагт нөлөөлж, 2012 оноос гадаад худалдааны нөхцөл муудах, гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан. Монголбанк мөнгөний уламжлалт болон уламжлалт бус бодлогын хүрээнд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, эдийн засгийг зөөлөн газардуулах бодлогын арга хэмжээг 2012 оны сүүлээс эхлэн үе шаттай хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд эдийн засаг, санхүүгийн салбарт олон эерэг өөрчлөлтүүд бий болсныг уг тогтоолын төсөлд дурджээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд дунд хугацаанд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн тэнцлийг алдагдалгүй хэвээр байлгах, төсвийн нэгдмэл байдлыг хангасан зохистой бодлого хэрэгжүүлж улсын төсвийг алдагдалгүй болгох, улсын өрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж ажиллах нь эдийн засгийн гадаад, дотоод шинэ тэнцвэр (new normal equilibrium)-ийг бүрэн хангаж, инфляцийг дунд хугацаанд 5-7 хувьд байлгах нөхцөл бүрдүүлэн цаашид эдийн засаг тогтвортой өсөх нөхцлийг бүрдүүлнэ хэмээн тооцжээ.

Ийм учраас 2016 оны мөнгөний бодлогын үндсэн зорилт нь эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болох макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэх болно хэмээн үзэж буйгаа Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал УИХ-ын даргад танилцууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд