Японд суралцах мэргэжилтний тоог нэмэгдүүлэх хүсэлт тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-08-16 17:15:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын сайд Ч.Номин Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюкийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Соёлын сайд Ч.Номин, КОВИД-19-ийн цар тахлын хүнд хэцүү үед “Токио-2020” зуны олимпын наадмыг амжилттай зохион байгуулсанд Японы ард түмэнд талархал илэрхийлж, баяр хүргэж буйгаа илэрхийлэв. Япон улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн хувьд бүхий л салбарт өргөн хүрээний хамтын ажиллагаатай, тэр дундаа иргэд хоорондын урсгал нь хоёр орны соёлыг улам ойр дотно болгож ирснийг тодотгож, салбарын хамтын ажиллагааны талаар ярилцав.

Тухайлбал, Чингис хааны музейг удахгүй нээх гэж байгаатай холбогдуулан Соёлын яам улс орнуудад байх Монголын хаад, язгууртны түүхэнд холбогдох дурсгалт зүйлсийг хуулбарлан авах талаар идэвхтэй ажиллаж байгааг дуулгалаа. Энэ хүрээнд Япон улсаас Хубилай хааны захидал, Юань гүрний дөрвөлжин үсэгтэй тамга, Юань гүрний усан онгоц зэрэг түүхэн дурсгалыг хуулбарлан авах ажилд санаа тавихыг ноён Кобаяаши Хироюкээс хүссэн юм.

Салбарын боловсон хүчнийг бэлтгэх талаар Монгол-Японы харилцаа өндөр түвшинд хүрсэн бөгөөд Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр мэргэжил дээшлүүлэх, “Музей судлалын гүнзгийрүүлсэн сургалт”-д Монголын соёлын салбарын ажилтнуудыг хамруулах зэрэг ажлыг үргэлжлүүлж, хамрагдах мэргэжилтний тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа Соёлын сайд уламжиллаа.

Түүнчлэн төр, засгаас Соёлын тухай, Кино урлагийг дэмжих зэрэг томоохон хуулийг баталж салбарын хууль эрхзүйн орчин таатай болсноор хамтын ажиллагаанд шинэ боломжууд нэмэгдэж байгааг тодотгов.

Ирэх онд болох Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд талууд соёл, урлагийн хамтарсан тоглолт хийх, найрсаг дотно харилцаагаа улам бэхжүүлэх чиглэлд олон ажил хамтарч хийхээр төлөвлөснийг ярилцаж, санал солилцов.


Холбоотой мэдээ