Торгуулийн 50 хувиа аравдугаар сараас өмнө төлбөл өршөөлд хамрагдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-17 15:56:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд торгох шийтгэлийг биелүүлээгүй 2,804,815 удаагийн 66,516,700,000 төгрөгийн торгох шийтгэлийн 50 хувийг өршөөн чөлөөлсөн.


УИХ-ын баталсан Өршөөл үзүүлэх тухай хууль энэ оны долдугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн билээ. Тус хуулийн дагуу зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх юм.


Тухайлбал, Бэлэн бус торгуулийн мэдээллийн санд Өршөөл үзүүлэх тухай хуулийн наймдугаар зүйлийн 3 дахь хэсэгт торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг чөлөөлөхөөр заасан.  Тэгвэл 2017 оны долдугаарын 1-нээс энэ оны зургаадугаар сарын 24-ний 00.00 цагаас өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн аравдугаар сарын 1-ний дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөх юм.


Хэрэв аравдугаар сарын 1-ний дотор торгуулийн 50 хувийг төлж барагдуулаагүй тохиолдолд өршөөлд хамрагдахгүй.


Торгуулийн мэдээллийг smartcar.mn болон torguuli.police.gov.mn хаягаар шалгах боломжтой.

Холбоотой мэдээ