НҮБ-ын Хүүхдийн сангаас ЕБС, цэцэрлэгүүдэд дэмжлэг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-09-01 18:21:21

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангаас ЕБС, цэцэрлэгүүдэд коронавирус болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, ариутгалын бодис хүлээлгэн өгөв. 

Тодруулбал, НҮБ-ын “Хүүхдийн сан” нь “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймагтай хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын чанарыг сайжруулах чиглэлээр дөрвөн жилийн турш хамтран ажиллаж байгаа билээ. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын үед НҮБ-ын Хүүхдийн сангаас энэ онд нийт 180 гаруй сая төгрөгийг эх хүүхдийн эрүүл мэндийн сайн сайхны төлөө эрүүл мэндийн яаралтай тусламжийн тоног төхөөрөмжийг хандивлахад зарцуулсан байна.

Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэж буйтай холбогдуулан коронавирусний халдвар болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор НҮБ-ын “Хүүхдийн сан”-ийн Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөрөөс нийт 40,5 сая төгрөгийн зургаан нэр төрлийн ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, тоног төхөөрөмжийг аймгийн 29 сургууль, 20 дотуур байр, 31 цэцэрлэгт хүлээлгэн өглөө. Энэхүү тусламжийн багцад мананцар үүсгэдэг ариутгагч төхөөрөмж, 2 лан бүхий кварцын гэрэл, гар халдваргүйжүүлэгч, бүхий л төрлийн гадаргуу ариутгагч уусмал, хөдөөгийн сургууль, цэцэрлэгүүдийн нүхэн жорлон ариутгах био уусмал зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнүүд багтсан тухай Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас танилцуулсан юм.

Холбоотой мэдээ