Гэрийн эмчилгээнд байгаа иргэд өрхийн эмчтэйгээ утсаар холбогдож зөвлөгөө авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Гэрийн эмчилгээнд байгаа иргэд өрхийн эмчтэйгээ утсаар холбогдож зөвлөгөө авна. Тухайлбал, аймгийн төвийн "Ягаан цээнэ" ӨЭМТ-ийн хяналтад өнөөдрийн байдлаар 300 гаруй өвчтөн коронавируст халдвартай нь бүртгэгдэж, 219 нь гэрийн эмчилгээтэй байгаа юм. Тус эрүүл мэндийн төвд найман эмч, найман сувилагч иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. "Ягаан цээнэ" ӨЭМТ-ийн дарга Ч.Аззаяа: "Коронавируст халдвар бол шинэ төрлийн, халдварлаж, хүндрэх магадлал ихтэй, амьсгалын замын ханиад. Тиймээс халдвараар өвдсөн бол маш тайван байж, харилцан ойлголцож, эмчийн зөвлөмжийн дагуу арга хэмжээ аваарай" гэв. Энэхүү ӨЭМТ-ийн сувилагч нар өвчтөнүүдтэйгээ утсаар тогтмол холбогдож, биеийн байдлыг нь тандаж, шаардлагатай тохиолдолд эмч гэрээр очиж, үзлэг хийхээр зохицуулжээ. Эдний хамт олон халдварын эхний өдрүүдэд дархлаа дэмжих, ханиалга намдаах болон тангийн эмчилгээ буюу шинж тэмдгийн эмчилгээг голдуу зөвлөж байгаа аж. Эм тангаа худалдан авах боломжгүй иргэдийг эрүүл мэндийн төвөөсөө эм, витаминаар хангаж байна. Халдвар авснаас хойшхи гурваас дөрөв хоногийн дараа шинж тэмдэг нэмэгдэх буюу хүчтэй ханиалгах, цээжээр өвдөх, суулгах, бөөлжих, сульдах зэргээр хүндрэх байдал түлхүү ажиглагдаж байна гэлээ.