Монгол орноор аялсан гадаадын сэтгүүлчид хэвлэлийн хуралд оролцож, сэтгэгдлээ хуваалцав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Си Эм Ти” аялал жуулчлалын үзэсгэлэнг зохион байгуулагч “Штуттгартын үзэсгэлэн”-тэй байгуулсан гэрээний дагуу ХБНГУ-ын үндэсний болоод бүс нутгийн хэмжээнд ажилладаг 6 сэтгүүлчийн бүрэлдэхүүнтэй хэвлэлийн баг манай улсад айлчилсан юм. Тэд өчигдөр "Кемпински Хаан Палас" зочид буудалд болсон хэвлэлийн хуралд оролцож, сэтгэгдлээ хуваалцлаа.
Тус аяллын багийнхан 9 дүгээр сарын 26-нд “Чингис Хаан” нисэх онгоцны буудалд газардаж, Хархорин, Хонгорын элс, Өгий нуур, Хустайн болон Тэрэлж БЦГ-аар орж, малчин айлаар зочлох зэргээр монгол оронтой танилцсан юм.
Сэтгүүлчид анх удаа манай орноор аялж байгаагаа энэ үеэр тодотгож байсан бөгөөд монгол орны өргөн уудам нутаг, цэлмэг тэнгэр, анир чимээгүй байдалд ихэд татагдаж, монгол үндэсний хоолыг таашаан хүртсэнээ ярьж байв. Мөн аялал жуулчлалын салбараа өөд нь татахын тулд дэд бүтцээ сайжруулах, хөтөч тайлбарлагчдын гадаад хэлний мэдлэгийг сайжруулахад анхаарах, ариун цэврийн байгууламжийн асуудлыг нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй гэлээ. Аялагч сэтгүүлчдийн хувьд энэ удаагийн аялал хэдийгээр цар тахлын үеэр тохиосон ч аялал онцгой сэтгэгдэл төрүүлсэн байна. Тиймээс дараа дахин аялах бодолтой байгаагаа илэрхийлж байв.
Уг аяллыг БОАЖЯ, ГХЯ, Аялал жуулчлалын хөгжлийн төв зэрэг байгууллага зохион байгуулсан ба хэвлэлийн багийнхны айлчлалыг амжилттай зохион байгуулснаар Германд төдийгүй Европын бүс нутагт Монгол Улсын аялал жуулчлалын нөөц бололцоог сурталчлах боломж гэж үзэж байгаа юм.
ХБНГУ-ын Штуттгарт хотноо сүүлийн 50 жилийн турш зохиогдож буй “Си Эм Ти” аялал жуулчлалын үзэсгэлэн ирэх оны 1 дүгээр сарын 15-23-нд тус улсад болно. Уг олон улсын үзэсгэлэнд мянга гаруй байгууллага оролцож, 300 мянган зочин, 45 сая орчим хүнд хүрч ажилладаг юм.
Монгол Улс үзэсгэлэнд түнш орноор оролцохоор болсон бөгөөд КОВИД-19-ийн дараах шинэ нөхцөл байдлын анхны аялал жуулчлалын үзэсгэлэн болохын хувьд манай орны аялал жуулчлалын салбарыг сэргээх, олон улсад сурталчлахад олон талт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Учир нь, “Си Эм Ти” үзэсгэлэнгийн 2019 оны түнш орон болох Монтенегро Улсад хэвлэлийн багийн айлчлалыг зохион байгуулснаар хэвлэл мэдээлэл, тэр дундаа телевиз, радиогийн сувгийн сурталчилгаагаар дамжин 145 сая хүнд хүрсэн талаар Германы талын зохион байгуулагч мэдээлсэн юм.