“Хүрэл тогоот”-д аялал жуулчлалын цогцолбор байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-07-06 10:23:30

Дархан цаазат Богд Хан ууланд орших “Хүрэл тогоот” одон орон судлалын төвийг аялал жуулчлалын цогцолбор байгуулж сансрын хөлөг, нисэх онгоцны багасгасан загварыг үзүүлэн байдлаар байрлуулна.

Ийнхүү Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн судалгааны төвийнхөн Хүрэл тогоотыг аялал жуулчлалын цогцолбор болгох төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Уг төслийг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015-2020 он хүртэл зургаан жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм. Шинэ “Хүрэл тогоот” нь зочид угтах цэг, сансрын нисэгчдийн дасгал сургуулилалт болон пуужин хөөргөх, нисдэг онгоцны загвар турших зэрэг талбайтай байна. Мөн одон орны задгай театрын талбай, одон орон сонирхогчдын кэмп байгуулахаар төсөлд тусгаж, 50 га талбайг аялал жуулчлалын цогцолбор болгон тохижуулна. Зочид, жуулчдыг угтах цэгт автомашины зогсоолын асуудлыг цогцоор нь шийдэж өгөхөөр төсөлд тусгажээ. Тус цэгээс мэргэжлийн дурангийн талбай хүртэл агаарын замаар зорчуулах зохицуулалт хийх юм.

Сансрын нисэгчдийн дасгал сургуулилалтын талбайд бага насныхан болон дунд ахлах ангийнхны амарч тоглох талбайг цогцоор нь байгуулна. Цогцолборын эргэн тойронд усан оргилуур, нийтийн хоолны газар, буфет ажиллуулна Хүүхдүүдийн сонирхлыг татах гол бүс нь пуужин хөөргөх, нисдэг онгоцны загварын туршилтын талбай байх юм. Уг талбай нь пуужин хөөргөх тавцан, нисдэг бөмбөлөг, онгоцны загвар турших хэсгүүдээс бүрдэх юм. Пуужин болон загварын нисдэг онгоцны бүтэц хийцүүдийн талаар хүүхдүүдэд мэдлэг олгох зорилгоор АНУ, ОХУ, БНХАУ-ын сансрын хөлөг, нисэх онгоц тэрэгний багасгасан загварыг үзүүлэн байдлаар байрлуулна хэмээн төсөл хэрэгжүүлэгчид онцолж байв.

Харин томчуудын зорьж очих талбай бол одон орны задгай театр байх бөгөөд одон орон судлах оргилын ойролцоох довцогт одот тэнгэрийг дурандах дуран суурилуулах юм. Эндээс нарны аймгийн гарагууд, сарны гадаргууг дурандахад хамгийн тохиромжтой. Мөн тухайн бүсэд одон орон сонирхогчдод зориулсан музей, үзэсгэлэнгийн танхим зэрэг одон орон судлалыг хөгжүүлэх байгууламж байрлана.

Хүрэл тогоот цогцолбороор аялагчдад зориулсан дараагийн бүс нь одон орон сонирхогчдын кэмп. Энэ бүсэд гэр бүлээрээ амарч болох юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ