Түргэвчилсэн шинжилгээг төлбөртэй болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-10-12 15:21:16
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комиссын 24 дүгээр хуралдаан болж, коронавирусний түргэвчилсэн шинжилгээг төлбөртэй болголоо.

Онцгой комиссын мэдээлснээр Сайнцагаан суманд халдвар авсан иргэдэд үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээг нээснээс хойш шинжилгээ өгөх иргэдийн тоо эрс нэмэгдэж, ачаалал их болсон тул иргэдийг хариуцлагажуулах зорилгоор ийнхүү төлбөртэй болгосон байна. Төлбөрийн хэмжээг 16 000 төгрөгөөр тогтоожээ.

Гэхдээ ХБИ, 16 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, 60 болон түүнээс дээш насны иргэдээс төлбөр авахгүй юм.

Тус аймгийн хэмжээнд 15 суманд халдвар батлагдаж байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 229 иргэн халдвар авч, коронавирусний батлагдсан тохиолдол 7960 боллоо. Өнөөдрийн байдлаар 14 иргэн харамсалтайгаар амиа алджээ.

10 дугаар сарын 11-ний Онцгой комиссын мэдээлснээр 1674 хүн эмчлүүлж байгаагийн 1073 нь гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байгаа. Халдвар аван эмчлүүлж байгаа иргэдийн 64 хувь нь хөнгөн, хүндэвтэр 192, хүнд 13, нэг хүн маш хүнд оноштой байна. 

Холбоотой мэдээ