Эрдэнэт хотынхон “Номын баяр"-аа тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-14 19:57:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Соёлыг түгээе” сарын аяны хүрээнд Эрдэнэтийнхэн энэ сарын 11, 12-нд “Номын баяр"-аа тэмдэглэлээ.


Уг өдөрлөгийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Номын төв, “Номын соёлт ертөнц” ТББ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд Улаанбаатар хотоос 60 гаруй зохиолч, уран бүтээлч, номын худалдаа эрхлэгч, хэвлэн нийтлэгч компани оролцлоо.


Номын баяраар бүх ном 5-60 хувь хүртэл хямдарснаас гадна шинэ болон олдоц муутай ховор номыг ч нэг дороос авах боломж бүрддэг учир хүн бүрийн хүлээдэг баяр болоод буй юм. 


Хоёр өдрийн турш А.Амарын талбайд болсон уг баярт шинэ номын нээлт, зохиолчдын уулзалт, номын үзэсгэлэн, танилцуулга, зохиолчийн гарын үсэгтэй худалдаа боллоо. Мөн энэ жил аймгийн Номын төвийн 40 жилийн ой тохиож байгаа бөгөөд дээрх өдөрлөгийн хүрээнд  зохиолчид Эрдэнэтийн уншигч, сонсогчидтойгоо уулзсан юм.




Үндэсний номын баярыг санаачлагч, “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд хэлэхдээ, “Үндэсний номын баярыг энэ жил УИХ-аас нийтээр тэмдэглэх 15 өдрийн нэг болгон хуульчилсан. Хүн бүр өдөр бүр ном уншиж өөрөө өөрийгөө хөгжүүлж байгаарай, эцэг эхчүүд үр хүүхдүүддээ ном уншихын ач тусыг ойлгуулж өөрсдөө үлгэрлэж байгаарай” гэсэн юм.


Өдөрлөгт ирсэн хүмүүсийн дийлэнх нь өсвөр үеийн хүүхэд, залуус байсан бөгөөд тэд хувь хүний хөгжил болон технологи, инноваци, түүхийн чиглэлийн ном худалдаж авах нь түлхүү байна гэж зохион байгуулагчид онцолж байв. Эцэг эхчүүд ч мөн адил хүүхдүүдээ дагуулан ирж хүссэн номыг нь авч өгч байлаа.




Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Лодонгийн Түдэвийн зохиолууд хамгийн их борлуулалтай байсан байна. Түүний бүтээлүүдийг “Саян” хэвлэлийн газар дахин хэвлэх эрх авсны дагуу уншигчдын унших дуртай болон хуучны 10 гаруй зохиолыг нь дахин хэвлэсэн байна. Цаашид  бүр эртний ховор номуудаас нь хэвлэх төлөвлөгөөтэй байгаа талаараа дурдаж байв.


Дараагийн номын баярыг Өмнөговь аймагт энэ жилдээ багтаан зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Түүнчлэн номын баяр тэмдэглэхэд хамтран ажиллах хүсэлтэй аймгууд “Номын соёлт ертөнц” ТББ-тай холбогдож хүсэлт гаргах боломжтой юм.











 

Холбоотой мэдээ