Сүрьеэгийн илрүүлэг шинжилгээнд СХД-ийн багш, сурагчид хамрагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-10-25 11:51:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд “Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ-аас ЕБС-ийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэх, хавьтлын шинжилгээг зохион байгуулж байна.


Энэхүү кампанит ажлыг ЭМЯ, ХӨСҮТ, СХД-ийн сүрьеэгийн диспансерууд дэмжин ажиллаж байгаа юм.


Эрт илрүүлгийн үзлэгт эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн сурагч хамрагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 1100 сурагч, 62 багш, ажилтан хамрагдаад байна.


Урьдчилан сэргийлэх зорилготой сүрьеэгийн эрт илрүүлэх үзлэгийн үр дүнд сүрьеэтэй байж болзошгүй 29 тохиолдлыг илрүүлж,  сорил тавих, баталгаажуулах шинжилгээг давхар хийж, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хяналтад оруулжээ. Түүнчлэн энэ үеэр коронавируст халдварын дараах шинж тэмдгийн илрүүлэх үзлэгийг давхар зохион байгуулж, нарийн мэргэжлийн эмч үзлэг хийж, зөвлөгөө, мэдээлэл өгчээ.


Энэ талаар “Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ-ын тэргүүн, Клиникийн профессор М.Тунсаг “Цаашид ч гэсэн ЕБС-ийн сурагчдын сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт анхаарах хэрэгтэй. Учир нь өсвөр насны хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулж, эмчлэх нь аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх бодит алхам юм. СХД-ийн хувьд хүн ам, өвчлөл олонтой, алсалмал байршилтай учир эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах зорилгоор бид энэ удаагийн эрт илрүүлэх үзлэг хийж байна. Үзлэгийн дараа эмч нар нэгдсэн дүгнэлт хийнэ. Мөн өнөөдөр сэжигтэй гэсэн тохиолдлуудад СХД-ийн сүрьеэгийн диспансераас сорил тавьж, баталгаажуулах шинжилгээнд хамрууллаа” гэлээ.


Сүрьеэгийн эмч Ц.Загиржав, “Сургуулиудад дижитал рентген аппаратын тусламжтай сүрьеэгийн эрт илрүүлэх үзлэг хийлээ. Энэ үеэр сүрьеэтэй байж болзошгүй гэж сонгосон хүүхдүүдэд сорил тавьж, шаардлагатай шинжилгээг хийж байна. Шинжилгээний хариу гарсны дараа хийх эмчилгээг дүүргийн диспансертай хамтран хийхээр ажиллаж байна. Эрт илрүүлэх үзлэг хийснээр хүүхдийг сүрьеэгийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвдсөн тохиолдолд эрт эмчлэх, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм” гэв.


Энэхүү сүрьеэгийн эрт илрүүлэх, хавьтлын шинжилгээ хийх үйл ажиллагааг цаашид  нийслэлийн хэмжээнд ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулах юм.

Холбоотой мэдээ