Японы автомашин үйлдвэрлэгчдийн дотоодын үйлдвэрлэл буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-10-28 17:32:17

ТОКИО. /Kyodo/. Дэлхий дахинд чипийн хомсдол нүүрлэж, энэ зун Зүүн Өмнөд Азид “COVID-19” халдварын үзүүлэлтүүд дахин нэмэгдсэний улмаас эд ангийн нийлүүлэлт саатсантай холбоотойгоор Японы автомашин үйлдвэрлэгч голлох найман компанийн дотоодын үйлдвэрлэл есдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 49.7 хувиар буурч, 398 075 нэгжид хүрчээ.  


Энэ нь өнгөрсөн оны тавдугаар сард коронавирусний тархалтын улмаас дотоодын үйлдвэрлэл 61.8 хувиар буурснаас хойших хамгийн сул үзүүлэлт болсноос гадна үйлдвэрлэлийн хэмжээ хоёр сар дараалан өмнөх оны мөн үеийнхээс буурсан дүн үзүүлсэн байна.


Автомашины үйлдвэрлэл, борлуулалт 2020 оны тавдугаар сард огцом буурсан хэдий ч улс орнууд хөл хориогоо сулруулж эхэлсэнтэй зэрэгцэн сэргэж эхэлж байсан юм. Гэвч 2021 оны эхэн үеэс эд ангиудын хомсдол үүссэнээс шалтгаалан үйлдвэрлэл ийнхүү буурчээ.


Dai-ichi Life” судалгааны хүрээлэнгийн тооцоогоор, энэ онд автомашин үйлдвэрлэгчдийн дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ 2019 оныхтой харьцуулахад 10 хувиар буурвал нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 5.3 их наяд иенээр /47 тэрбум ам.доллар/ багасах төлөвтэй байна.


Өнгөрсөн сард “Subaru”, Daihatsu Motor” компанийн дотоодын үйлдвэрлэл хамгийн ихээр буюу 74.8 хувь, 68.2 хувиар тус тус буурсан бол улсын автомашины хамгийн том үйлдвэрлэгч “Toyota Motor”-ын үйлдвэрлэл 55.3 хувиар, мөн “Honda Motor”-ын үйлдвэрлэл 55.5 хувиар буурчээ. 

Холбоотой мэдээ