Бүртгэлийн системийг боловсронгуй болгох төсөл амжилттай хэрэгжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-29 18:51:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АХБ-ны Техникийн туслалцааны дэмжлэгтэйгээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас бүртгэлийн системийг боловсронгуй болгох төслийг 2018-2021 онд амжилттай хэрэгжүүллээ. Төслийн үр дүнг танилцуулах хаалтын ажиллагаа өнөөдөр болов.


Төслийг хэрэгжүүлж улсын бүртгэлийн мэдээллийн сан, программ хангамжийг сайжруулах, бусад бүртгэлийн мэдээллийн сангийн мэдээллүүд хоорондын зөрүүтэй байдлыг багасгах зэрэг Засгийн газраас дэвшүүлсэн “Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх төдийгүй сум, хороодыг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосон нь уг төслийн нэн тэргүүний зорилго байсан юм.


Төслийн хүрээнд 260 сум, 30 хороог улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосон. Ингэснээр иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суух сум, хорооноос иргэний улсын бүртгэлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй шуурхай, чирэгдэлгүй авах нөхцөл бүрдэв.





Түүнчлэн төслийн хүрээнд улсын бүртгэлийн эрх зүйн орчин, дэд бүтэц, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн юм. Үүнд:

  • Монгол Улсын Иргэний улсын бүртгэлийн системийг шинэчлэн хөгжүүлэв.
  • Төрөлт, нас баралтын системийг хөгжүүлж, дэд бүтцийг сайжруулав. Төрөлтийн бүртгэлийг төрөх эмнэлгүүдэд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэв.
  • Иргэний улсын бүртгэлийн цаасан эх нотлох баримт хадгалах архивыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн шинэчлэн тохижуулав.
  • Улсын бүртгэлийн хүний нөөцийн эх нотлох баримтыг цахимжуулж, улсын бүртгэлийн салбарын ажилтнуудад зориулсан хүний нөөц, цахим сургалтын нэгдсэн системийг олон улсын сайн туршлагад тулгуурлан хөгжүүлж, нийт ажилтан орон зай, цаг хугацаа харгалзахгүйгээр өөрийн хүний нөөцийн бүрдүүлэлтийн бичиг баримт, материалтай танилцах, татаж авах, 21 аймаг, 330 сум, нийслэл, 9 дүүрэг, 171 хороонд ажиллаж буй улсын бүртгэгч нар орон зай, цаг хугацаа харгалзахгүйгээр цахим сургалтад хамрагдах, бие даан өөрийгөө хөгжүүлэх боломжийг бий болгов.
  • Улсын бүртгэлийн төв, орон нутгийн ажилтнуудын чадавхыг үндэсний болон олон улсын түвшинд бэхжүүлж, нийт 40 гаруй удаагийн танхимын болон бүсийн сургалт зохион байгуулж давхардсан тоогоор 6000 гаруй хүнийг хамруулав. Хоёр удаагийн танилцах айлчлалыг БНСУ болон Япон Улсад амжилттай зохион байгуулж, БНСУ-тай цаашид улсын бүртгэлийн байгууллагын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг тавив.
  • Улсын бүртгэлийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, улсын бүртгэлийн багц хуулийн хэрэгжилтийг хангах, түүнтэй нийцүүлэх боловсруулах журам, эрх зүйн актыг боловсруулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, эрх зүйн гарын авлага, иргэний, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч нарт зориулсан гарын авлага-ширээний ном, 129 төрлийн цахим хичээл, 10 төрлийн видео хичээл тус тус боловсруулав.
  • Гадаадын иргэн, хууль этгээдэд улсын бүртгэлийн багц хуулийг хүргэх зорилгоор улсын бүртгэлийн багц хуулийн чанарын өндөр түвшинд орчуулж, олон нийтэд хүртээл болгосон.
  • Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд сурталчлах зорилго бүхий вэбсайтыг сонсголын болон харааны бэрхшээлтэй хүмүүст ээлтэйгээр шинэчлэн хөгжүүлэв.

Уг үйл ажиллагаанд тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Дэд суурин төлөөлөгч Деклан Магий, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга бөгөөд Төслийн удирдах хорооны дарга Д.Дэлгэрсайхан, Төслийн зохицуулагч Г.Пүрэвсүрэн болон УБЕГ-ын газар, хэлтсийн дарга нар, холбогдох албаны хүмүүс, ажилтан албан хаагчид оролцов.

Холбоотой мэдээ