"Номын өргөө"-д иргэд 400 гаруй ном хандивлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-11-17 14:59:19

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Есөнбулаг сумын ЗДТГ-аас Харзат багт байгуулсан “Номын өргөө” гэр номын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Алтай хотын иргэдийн дунд номын хандивын аяныг өрнүүлсэн. 

Уг аянд сумын иргэд хөдөлмөрчид идэвх санаачилгатай оролцож 400 гаруй ном хандивласан байна. Хандиваар цугласан номуудыг Есөнбулаг сумын ИТХ-ын дарга, Харзат багийн Засаг дарга нар “Номын өргөө” гэр номын санг ажиллуулж буй ахмад багш нар болон үйлчлүүлэгч хүүхэд багачуудад хүлээлгэн өгчээ. 

Энэхүү гэр номын сан нь Есөнбулаг сумын гэр хорооллын бүс болох Харзат багт байрладаг. Ахмад багш Х.Эрдэнэчимэг, Л.Алзахгүй нар тэтгэвэрт суугаад Харзат багийн 6 дугаар гудамжны 16 тоот хашааг худалдан авч “Номын өргөө” байгуулсан байна. Тэд хүүхэд залуусыг номтой нөхөрлүүлэх, ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор сэтгэл санаа нэгдэн ийнхүү өөрсдийн хөрөнгөөр “Номын өргөө” байгуулан тохижуулж, энэ оны 10  дугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн аж. 

Ахмад багш Х.Эрдэнэчимэг, Л.Алзахгүй нар долоо хоногийн даваа, мягмар, лхагва, баасан гаргийг ном уншлагын өдөр болгосон бол пүрэв гарагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гэрт нь очиж ном уншиж өгөхөөр төлөвлөсөн байна. Харин бямба гаргийг тоглоомын өдөр болгон монгол наадгайгаар хүүхдүүдээ тоглуулж, ёс заншлаа дээдлэн хүндэтгэх хүсэл эрмэлзэлтэй болгохыг зорьж буй ажээ.


Холбоотой мэдээ