Хар сүүлт, зээрийн шилжилт хөдөлгөөний судалгааг амжилттай эхлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-11-23 17:25:05

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Зармангийн говь болон Улаан шалын хоолойд хар сүүлт, зээрийн шилжилт хөдөлгөөний судалгааг амжилттай эхлүүлжээ.

"Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь-ENSURE” МОН/19/301 төслийн санхүүжилтээр Монголын хөхтөн амьтан судлалын нийгэмлэг (Mongolian Society of Mammalogy) нь МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхим, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS), Улсын Мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хөхтөн амьтан судлаачидтай хамтран төслийн зорилтот бүс нутаг болох Зармангийн говь, Улаан шалын хоолойд хар сүүлт, зээрт сансрын дохиололт хүзүүвч зүүж, шилжилт хөдөлгөөний судалгааг амжилттай эхлүүлжээ. Монгол орны баруун бүс нутгийн хар сүүлт, зээрийн популяцийн чухал бүс нутагт шинэлэг арга зүйгээр байршил нутаг, шилжилт, хөдөлгөөнийг судалж байгаагаараа энэхүү судалгаа ихээхэн онцлогтой юм. 

Уг судалгаа нь хар сүүлт, зээрийн байршил нутаг нь малын бэлчээр нутагтай хэрхэн давхцаж байгааг тогтоох, мөн шилжилт хөдөлгөөний холбоос нутаг, үржлийн чухал амьдрах орчныг тодорхойлж, улмаар хамгааллын илүү үр дүнтэй менежментийг нутгийн иргэдийн оролцоотой хэрэгжүүлэх зорилготой ажээ. 

Хамтарсан судалгааны баг нь хар сүүлт, зээр барих, сансрын дохиололт хүзүүвч зүүх үеийн аюулгүй ажиллагааны зөвлөмж, арга зүйн сургалтыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын ЗДТГ, Говь Алтай аймгийн БОАЖГ, Баянтоорой тосгонд байрлах ГИДЦГ-“А” хэсгийн хамгаалалтын захиргааны хамт олон, нутгийн иргэдэд явуулж, хээрийн судалгааг хамтран хэрэгжүүлсэн тухай Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ