Энэтхэгт уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох тухай ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-11-24 13:00:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад айлчилж буй БНЭУ-ын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингх өнөөдөр Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинтэй албан ёсны хэлэлцээ хийлээ. 


Хэлэлцээгээр, Монгол Улс, БНЭУ-ын стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэх, хамтран хэрэгжүүлж буй том төслүүдийн хэрэгжилтийг дүгнэн ярилцахын зэрэгцээ цар тахлын эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хоёр улсын аж ахуйн нэгжүүд бодитой, үр өгөөжтэй хамтын ажиллагаа өрнүүлж болох тухай ярилцав. Тэр дундаа цар тахлын улмаас саатаж буй нүүрсний экспортын туршилтын тээврийг эхлүүлэхэд талууд анхаарахаа нотлов.



Тухайлбал, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Монгол Улс экспортыг ганц зах зээлээс хэт хамааралтай байхаас зайлсхийхэд анхаарч буйг дурдаад, Засгийн газрын түвшинд хэлэлцэж байгаа, гуравдагч улс болох Энэтхэг рүү уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа коксжсон нүүрс гаргах асуудалд ГХЯ-наас бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Монголын талаас нүүрсний дээжийг Энэтхэг улс руу хүргүүлээд байгааг тэмдэглэсэн. Энэтхэгийн Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингх, Уул уурхайн салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг боловсруулж байгааг тэмдэглэж, удахгүй хоёр тал гарын үсэг зурна гэдэгт итгэлтэй байгаагаа дурдлаа.



Талууд хоёр орны найрсаг харилцааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг сааруулж байгаа шалтгааныг арилгаж, ажлыг нь эрчимжүүлэх, товлосон хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарч ажиллахаар тохиров. Мөн мэдээлэл технологийн салбарт хамтран ажиллах, тэр дундаа, кибер аюулгүй байдлыг хангах, Монгол Улсад хэрэгжүүлж буй "Ухаалаг хот" төсөлд хамтран ажиллахаа илэрхийлэв.



Түүнчлэн Монгол, Энэтхэг улс олон улсын түвшинд харилцан дэмжлэг болж ирснийг тэмдэглэж, энэ уламжлалаа цаашид үргэлжлүүлэн олон улсын тавцанд бие биенийхээ дэвшүүлсэн санал, санаачилгыг  дэмжихээ нотлов.


Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжингийн урилгаар манай улсад энэ сарын 23-26-нд айлчилж буй БНЭУ-ын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингх тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нартай уулзана.

Холбоотой мэдээ