Хөрсгүйгээр нарийн ногоо тариалах төслийг дэмжлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Хөрсгүйгээр нарийн ногоо тариалах төсөлд эргэн төлөхгүй санхүүгийн дэмжлэг үзүүллээ.
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөрийг “Старт-Ап маркетинг Спейс” ХХК-тай аймгийн ХХҮГ хамтран зохион байгуулсан байна. Шилдэг санаа, санаачилга гаргасан "Навчит Эрдэнэс" багийн “Гидропоник хүнсний ногоо” төслийн баг шалгарсан юм. Энэ сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Должинсүрэн нар төслийг санаачлагч Э.Минжтэй хамтран ажиллах гэрээ байгуулан эргэн төлөлтгүй 10 сая төгрөгийн санхүүжилтыг олголоо. Гидропоник хүнсний ногоо нь дуслын систем, зориулалтын гэрлийн тусламжтайгаар нарийн ногоонуудыг өөрийн шимт байдлыг алдагдуулахгүйгээр богино хугацаанд ургуулах бөгөөд төсөл амжилттай хэрэгжсэнээр бид эрүүл аюулгүй, шим тэжээлтэй нарийн ногоонуудыг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэх боломж бүрдэж байна.
