Африкийн орнуудад халдвараас сэргийлэх арга хэмжээнүүдээ эрчимжүүлэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-11-27 17:00:53

АДДИС-АБЕБА. /Xinhua/. Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв “COVID-19”-ийн шинэ хувилбар илрээд байгаатай холбогдуулан коронавирусний халдвартай тэмцэх арга хэмжээнүүдээ эрчимжүүлэхийг Африкийн орнуудын эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад уриалжээ.


Өмнөд Африкийн Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн “SARS-COV-2” вирусний шинэ хувилбар болох “B.1.1.529”-ийг илрүүлсэн талаараа мэдэгдсэнээс нэг хоногийн дараа Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв дээрх мэдэгдлийг хийжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уг хувилбарыг баасан гарагт “анхааралдаа авах” хувилбаруудын ангилалд оруулсан юм.


“Африкийн орнуудын эрүүл мэндийн байгууллагууд “COVID-19” халдварын шинэ давлагаа үүсэх эрсдэлтэй байгааг харгалзан халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг дахин хэрэгжүүлж, хүн амаа дархлаажуулах ажлыг эрсдэлтэй бүлгийн иргэдийг эн тэргүүнд тавин эрчимжүүлэх хэрэгтэй байна” гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.


Мөн вакцинууд нь “COVID-19”-өөр халдварлан хүндээр өвчлөх, улмаар нас барахаас урьдчилан сэргийлэх гол хэрэгсэл хэвээр байгааг цохон тэмдэглээд, вакцинжуулалтын аяныг түргэтгэхийг уриалсан байна. Түүнчлэн генийн дарааллыг тогтоох судалгааг эрчимжүүлэх хэрэгтэйг онцолжээ. Африк тивд өнөөдрийн байдлаар, “COVID-19” халдварын 8 616 912 тохиолдол илэрснээс 8 064 499  хүн эдгэрч, 223 301 өвчтөн нас баржээ. 

Холбоотой мэдээ