Үндэсний бөхийн цол олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-12-01 18:42:32

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтыг үндэслэн Ардын хувьсгалын 100 жилийн ой, Дархан хот байгуулсны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан аймгийн цол, чимэг олгох Үндэсний бөхийн барилдаан 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр болж, аймаг, сумын цолтой болон залуу 128 бөх зодоглосон.

Барилдаан тав болон түүнээс дээш давсан бөхчүүдэд аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01-А/333 дугаар захирамжаар цол олголоо. Үндэсний бөхийн барилдаанд долоо даван түрүүлсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Дархан хайрхан дэвжээний бөх Мөнхдурсгалын Төрбатад Аймгийн арслан цол олголоо. Харин зургаа давсан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харьяат Улаанбаатар төмөр замын харьяа Дархан татах хэсэг, Дархан хайрхан дэвжээний бөх Жигжидсүрэнгийн Бадралд аймгийн заан, тав давсан Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат Дархан хайрхан дэвжээний бөх Ламчогдонгийн Мөнхтулга, Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат Дархан хайрхан дэвжээний бөх Батбаатарын Загарзүсэм нар аймгийн начин цол тус тус олгож энгэрийн тэмдгийг гардуулаа.

Холбоотой мэдээ