Монгол Улс, Евразийн эдийн засгийн комиссын Хамтын ажиллагааны ажлын баг хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-12-06 19:17:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комиссын Хамтын ажиллагааны ажлын багийн IV хуралдаан өнөөдөр цахимаар боллоо.


Тус хурлыг Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,  Евразийн эдийн засгийн комиссын талаас  Макро эдийн засаг, интеграцчиллын сайд, Удирдах зөвлөлийн гишүүн С.Ю.Глазьев нар ахлав.


Хуралдаанд хоёр талын холбогдох байгууллагуудын төлөөллүүд оролцож, техникийн зохицуулалтын хамтын ажиллагаа, эрүүл ахуй, хорио цээр, гаалийн зохицуулалт, аж үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааны хэтийн төлвийн талаар болон хоёр талын бизнесийн хүрээний хамтын ажиллагааны асуудлуудаар харилцан мэдээлэл хийж, санал солилцов.


Монгол Улсын Гадаад харилцааны яам, Евразийн эдийн засгийн комисс хамтран 2022 оны 1 дүгээр сарын хоёрдугаар хагаст харилцан сонирхсон асуудлаар семинар зохион байгуулахаар тохиролцсон бөгөөд тус семинарын бэлтгэлийг хангахад хамтран ажиллахаар болов.


Төлөөлөгчдийн тэргүүн нар Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлын явцыг сайшаан тэмдэглэж, хамтарсан судалгааны тайланг бэлтгэх чиглэлд үргэлжлүүлэн ажиллахаа нотлов.


Талууд Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс 2015 оны 6 дугаар сарын 15-нд байгуулсан Хамтран ажиллах тухай Санамж бичгийн хүрээнд Хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2022-2025 он хүртэл сунгахаар тохиролцож, хуралдааны дүнгээр протоколд гарын үсэг зурав.

Холбоотой мэдээ