Аюулгүй байдлыг нэн түрүүнд ханган ажиллахыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-12-07 14:58:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИНЕГ-ын даргаар томилогдоод удаагүй байгаа С.Мөнхнасан харьяа байгууллагын удирдлагуудыг хүлээн авч үүрэг чиглэл өглөө.

Тэрээр, ажлын хариуцлага, зохион байгуулалт эцсийн дүндээ нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаанд нөлөөлдөг гэдгийг тодотгож, эрхээ түрүүлж эдлээд үүрэг хариуцлагаа хойш тавьдаг байдлыг засах шаардлагатай байгааг сануулж, нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг нэн түрүүнд тавьж ажиллахыг онцгойлон анхаарууллаа.

Удирдах ажилтан бүр ажлын байрны тодорхойлолтоор өгөгдсөн үүрэг, зорилго зорилтыг чанд мөрдөж, баталсан зохион байгуулалт бүтцийн дагуу хариуцсан ажилдаа эзэн болж ажиллах, асуудалд ажил хэрэгч бус байдлаар хандахгүй байхыг даалгалаа.




“Салбарын нэр хүнд, хамт олны эерэг уур амьсгал маш чухал бөгөөд удирдлага ямар байхаас хамт олны ажлын бүтээмж шалтгаалдаг. Дарга бус, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, үнэлэгдсэн, манлайлагч удирдлага байх ёстой” гэдгийг тэрбээр анхааруулаад, хамт олны эв нэгдлийг хангаж ажиллах 6 сарын хугацаатай үүрэг өглөө. Мөн төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж буй агентлаг-иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтан бүр “хариуцлага” гэдэг үгийг цаг ямагт санаж, сахилга хариуцлага, ажлын бүтээмжийг өндөржүүлэн ажиллах шаардлагатайг ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан тодотголоо.

Холбоотой мэдээ