Халтиргаа гулгаа үүссэн замуудад давс, бодис цацаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-10 18:54:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотын гудамж талбай, зам харгуйд халтиргаа гулгаа арилгах зориулалтын бодис, давс  цацаж байна.


Өнөө өглөөний 6.00 цагаас эхлэн цас орсны улмаас нийслэл хотын гудамж талбай, зам харгуйд цас тогтсон. Тиймээс хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас тусгай зориулалтын 42 автомашин, техник гаргаж, 328 зам талбайн үйлчлэгч хариуцсан гудамж, зам талбайд ажиллаж байна. Тодруулбал, давс, бодис цацах, цас хусах тусгай зориулалтын камаз маркийн 11 автомашин, давс, бодис цацагч төхөөрөмжтэй жижиг оврын портер маркийн нэг машинтай  ажиллаж байгаа юм.  Хог, цас сорох зориулалттай шүүртэй нийт 14 машиныг цас цэвэрлэгээнд гаргажээ. Мөн бага оврын шүүрт 16  автомашин  явган хүний зам, талбай, авто замын нуух цэвэрлэж байна. 


Хот тохижилтын газрынхан Бага тойруу, Их тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Туннел, Баянхошуу, Монел, Богд уулын арын зам, Их Монголын гудамж, Хасбаатарын гудамж, Зайсангийн гудамжинд 57 тонн бодис зарцуулжээ.


Харин Баянзүрх дүүргийнхэн  805-р анги, Дарь эхийн замд нэг тонн давс, Цагаан даваа, Алтан-Өлгийн хойд хэсгийн өгсүүр замд гурван  тонн давс, Хан-Уул дүүрэгт  “Охь мандал” ХХК Морингийн даваа, Био чиглэлийн замд 10 тонн давс цацсан байна.


Мөн Чингэлтэй дүүргийн ТҮК давс, бодис цацах, цас хусах тусгай зориулалтын камаз маркийн таван автомашин, хог, цас сорох зориулалттай шүүртэй хоёр машин гарган ажиллаж, Хөшигийн хөндийн хурдны зам болон Налайхын замд тус бүр 10 тонн давс цацаж, халтиргаанаас хамгаалжээ. Тус дүүргийн ажилчид Цэцэг төвийн уулзвараас Анкарагийн гудамжны уулзвар, Бага тойруу, Самбуугийн гудамж, Засгийн газрын ордны хойд баруун, зүүн уулзваруудад, гэр хороолол дундах авто замууд,  Өвөр гүнтийн зуслан чиглэлд  камаз автомашинаар давс цацаад байна.


Сонгинохайрхан дүүргийн хувьд Баянхошуу, Хөтөл чиглэл, “Грейт роүд” ХХК Моносын уулзвараас Хүй долоон худаг хүртэлх замд таван тонн давс, Жаргалант, Ар гүнтийн даваанд зургаан тонн бодис цацжээ.


 

Холбоотой мэдээ