Гадаад бодлогын хэтийн төлөвийг 4 үндсэн сэдвээр хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-12-14 15:44:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнө удаан жилийн өвөрмөц түүх, соёлтой манай улсын хувьд соёлын дипломат ажиллагааг хөгжүүлэх боломж их байгаа талаар ГХЯ-нд өнөөдөр хэлэлцүүлэг өрнүүллээ. Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 110 жилийн ойд зориулан ГХЯ-наас зохион байгуулсан “Монгол төрийн гадаад бодлогын эрт, эдүгээ ба ирээдүй” сэдэвт бага хурлаар зөвхөн соёлын гадаад бодлогыг хөндсөнгүй. Бага хурлаар дараах 4 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүнд:

  • Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд өгөх үнэлгээ,
  • Хоёр хөрштэй хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа ба Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлого,
  • Мэдээллийн технологи ба дипломат үйл ажиллагааны цаашдын хандлага,
  • Соёлын гадаад бодлого, Монгол Улсыг гадаадад сурталчлах үйл ажиллагаа, арга зам ба хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.

Түүхэн чухал тэгш ой аливаа байгууллага, салбарын амжилт бүтээлийг тодотгохоос гадна цаашдын чиг хандлагыг тодорхойлох боломж олгодог. 2011 онд тохиосон Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоороо ГХЯ дипломат албаны үечилсэн түүхээ тунгаан хэлэлцсэн. Тэгвэл энэ удаа ирээдүй рүү чиглэж, гадаад бодлогын хэтийн төлөвийн талаар гадаад харилцааны тухайн чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаачид, дипломатууд уригдан оролцож ярилцан санал бодлоо солилцлоо.


Цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах нөхцөл бололцоо хязгаарлагдмал байгаа ч ГХЯ түүхэн ойгоо угтаж хэд хэдэн томоохон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэхүү бага хурал болов.

Холбоотой мэдээ