Ч. Цэндээхүү: Японд төвлөрсөн дэлхийн машины нарийн эд ангиудын 50% -ийг ханган нийлүүлэхээр зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
naranmandukhai@montsame.gov.mn
2021-12-14 20:47:38

 

~ Монгол Улс, Япон Улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулав ~

“Япон, Монголын бизнес харилцааг идэвхжүүлэх нь” цуврал III

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг Япон Улсын Элчин сайдын яамтай хамтран “Япон, Монголын бизнес харилцааг идэвхжүүлэх нь” сэдвээр шинэ контент санаачлан хоёр орны бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй  залуу бизнес эрхлэгчдийг танилцуулж байгаа билээ. Энэ удаад машины нарийн эд анги Монголдоо үйлдвэрлэн, Япон Улсад экспортолж буй “Санко Тек Монголиа ХХК” компанийн үүсгэн байгуулагч, захирал Чимэдцэрэнгийн Цэндээхүүг урьж ярилцлаа.


Ч.Цэндээхүү нь 2001 оноос Япон Улсын Сайтама мужийн Санко Сейки компанид техникийн дадлагажигчаар гурван жил ажиллан 2005 оны 2-р сард тус компанийн охин компани "Санко Тек Монголиа"-г Монголдоо үүсгэн байгуулсан юм. Тэрбээр техникийн дадлагажигчаар ажиллаж байхдаа эзэмшсэн ур чадвараа хөгжүүлэн, өндөр чанартай эд анги үйлдвэрлэх компанийг 15 жилийн турш амжилттай удирдаж байгаа билээ. Одоогоор 46 ажилтан, 15 техник хэрэгсэлтэйгээр 248 нэр төрлийн нарийн эд анги үйлдвэрлэн Япон Улсад 100 хувь экспортолж байна.


  Хэрвээ би Япон руу техникийн дадлагажигчаар яваагүй бол одоо энд зогсож байхгүй байсан билээ. Одоогоор олон улсын тээвэрлэлт гацаатай байгаа ч борлуулалт нэмэгдэж байна. Ирээдүйд, үйлдвэрлэгч компанийн хувиар бид Японд төвлөрсөн дэлхийн машины нарийн эд ангиудын 50% -ийг ханган нийлүүлэхээр зорьж байна.


 

Элчин сайд Х.Кобаяши: 2001 оноос Японд ур чадварын дадлагажигчаар ажиллаж байсан гэж сонссон. Японд суралцахаар шийдсэн шалтгаан тань юу байв?


Ч.Цэндээхүү: Монгол Улс социалист нийгмийн системээс зах зээлийн систем pүү шилжих ид үед би ахлах сургуулиа төгссөн. Сургуулиа төгсөөд хэд хэдэн ажил хийж үзэн, цэргийн алба хаасныхаа дараа 23 настайдаа дээд сургуульд элсэн орлоо. Би бага байхаасаа ойр зуурын юм хийх дуртай, гарын дүйтэй хүүхэд байв. Ирээдүйд Монголд инженер хэрэгтэй гэж бодоод инженерийн мэргэжлээр дээд сургуульд суралцаад, 2000 онд сургуулиа төгссөн юм. Гэвч мэргэжлээрээ ажил олоход хэцүү байсан учир Дархан хотын зах дээр ажиллаж байлаа. Сар орчим болсны дараа Улаанбаатараас нагац ах гэнэт утасдан "Японд техникийн дадлагажигчаар ажиллах хүмүүсийг сонгон шалгаруулалт болж байна. Хурдан наашаа ир" гэв. Нагац ах маань намайг сургуулиа төгсөөд хүссэн ажилдаа орсонгүй гэж бодож явсан байх л даа. Би ч тэр шөнөдөө хот руу явах вагонд суугаад маргааш өглөө нь Улаанбаатарт ирээд шууд шалгалт авч байгаа газарт очин, азаар тэнцчихэв. Хагас жил орчим өдөр бүр 10 гаруй цаг япон хэлээ давтан 2001 оны 1-р сарын 19-нд aнх Япон явж билээ. Тэр үед Япон орны талаар мэддэг зүйл гэвэл сайн чанартай зурагт, камер гэх мэт цахилгаан хэрэгсэл, автомашин, телевизийн нэвтрүүлгээр үзсэн өндөр барилга, техник технологийн хөгжил өндөр улс л гэж төсөөлөлттэй байлаа. Хэзээ нэгэн цагт ийм улсад очиж, техникийн талаар суралцана гэсэн бүдэг бадаг мөрөөдөл минь нагац ахтайгаа утсаар ярьсны хүчинд биелж, Япон оронтой харилцах эхлэл минь болсон юм.

Надтай нийлээд зургаан монгол Сайтама мужийн Санко Сейки ХК-д дадлагажигчаар явлаа. Шөнө Японд ирээд компанийнхаа нийтийн байр руу явах замд автобусны цонхоор гялалзсан, тэнгэр баганадсан өндөр барилгуудыг хараад япончууд шөнө дөл болтол ажилладаг юм байна гэж бодсон. Тэгээд хотын гэрэл аажмаар бүдгэрсээр тас харанхуй, нохой хуцахаас өөр зүйл сонсогдохгүй чимээгүй газар ирлээ. Дотуур байрны өрөө их хүйтэн, япон гэдэг халуун оронд хөлдөх нь гэж бодов. Тухайн үед агааржуулагчийг хэрхэн халаагуур болгон ажиллуулдаг талаар мэддэггүй байлаа.

Японд сэрсэн анхны өглөө цас орж байсныг санаж байна. Бид Монголд байгаа гэрийнхэндээ сайн явж ирснээ дуулгах гээд шуудангийн газар хайлаа. Монголд шуудан дээрээс л гадаад улс руу ярьдаг байсан болохоор тэр. Тэгээд цасан дунд арайхийж шуудангаа олж очтол Японы шуудангийн газар олон улсын ярианы үйлчилгээ үзүүлдэггүй, жижиг дэлгүүрээс олон улсын ярианы карт худалдаж авах хэрэгтэйг мэдэж авав. Ийнхүү миний Япон дахь амьдрал эхэлсэн дээ.

 



Элчин сайд Х.Кобаяши: Та Сайтама мужийн Санко Сейки ХК-д гурван жил ур чадварын дадлагажигчаар ажилласан гэж хэллээ. Тэнд байх хугацаандаа юу сурч, юу нь сонирхолтой санагдаж байсан бэ?

Ч.Цэндээхүү: Монголоос очсон зургаан дадлагажигчийн хамгийн залуу нь 20 настай. Би дунд орчим насных нь байсан. Би CNC суурь машины оператороор ажиллаж эхэлсэн. Аль болох алдахгүй байж, үр бүтээлтэй ажиллахын тулд зааж өгсөн бүх зүйлийг нь сурахыг хичээж, улам ихээр чадваржихыг зорьж байлаа. Гэхдээ хамгийн хэцүү зүйл бол хэлний асуудал байсан. Хэл мэдэхгүй болохоор өөрийгөө ойлгуулж чадахгүй. Бас япончуудын амьдралын хэв маягт дасах гэж нэлээд удсан. Хэлний бэрхшээлээс болж монгол дадлагажигчид япон ажилчидтай үл ойлголцож, хэд хэдэн удаа асуудал хүртэл үүсгэв. Тэгээд захирлын эхнэр Айко бидэнд япон хэл заахаар болов.

Бид хэл сайн сурах маш их хүсэлтэй байсан болохоор шөнийн ээлжтэй байсан ч өглөө бүр ээлжнээс буугаад 8.30-аас цаг хагас япон хэлний хичээлд суун, түүний хүчинд япон хэлний чадвар маань эрс сайжирсан. Үүнийг дагаад япон ажилчидтай харилцах ойлголцоход амар болсон. Завсарлагааны үеэр хоорондоо ярилцсан зүйлсээс их юм мэдэж авдаг. Захирлын эхнэрт маш их баярлаж явдаг.

Хоолны хувьд өөрcдөө хоолоо хийдэг байсан болохоор нэг их хэцүү зүйлгүй. Би наттогоос бусад бүх япон хоолонд дуртай. Хааяа захирал биднийг хоолонд урихад, "Цагаан сахалтай өвөөгийн хоолны газарт очмоор байна" гэж хариулдаг байлаа. Тухайн үед Монголд KFC байдаггүй байсан юм.


Элчин сайд Х.Кобаяши: Монголд буцаж ирээд нарийн эд анги үйлдвэрлэх компани байгуулахаар яагаад шийдсэн бэ. Компанийнхаа талаар бидэнд танилцана уу?

Ч.Цэндээхүү: Монголоос очсон зургаан техникийн дадлагажигчаас би, С.Хүрэлбаатар (одоо ESB Solar Energy Co.,Ltd.-ийн захирал), бас өөр нэг залуу бид гурав л 3 жилийн хугацаагаа дуусгасан. Бид 2004 оны 1-р сарын 16-нд эх орондоо ирэхдээ захирал Шимизү Такаши (одоогийн ТУЗ-ийн дарга)-г “ 7-р сард наадмаар Монголд ирээрэй” гэж урихад захирал маань наадмаар хүрээд ирлээ. Бид гурав захирлыг аялал жуулчлалын олон газраар дагуулан явж, Монголыг танилцууллаа. Тэгсэн буцахынхаа урд орой бид гурвыг дуудаж, "Японд сурсан япон хэл, ур чадвараа ашиглан, хамтдаа бизнес хийцгээе" гэж хэлсэн. Тухайн үед би япон хуучин автомашин борлуулдаг, япон маягийн засвар үйлчилгээ хийдэг компани байгуулах санал тавьсан ч тэр үед япон машин монголчуудад хэтэрхий үнэтэй, бизнес эрхлэхэд тохиромжгүй гэдэг дүгнэлтэд хүрэв. Тэгээд захирал өөрийн компанийн охин компанийг Монголд байгуулах санал тавив. Ингээд захирал С.Хүрэлбаатар бид хоёрт компани байгуулах даалгавар өгөв.

Тэр үеийн Монгол Улсын хуульд гадаадын хөрөнгө оруулалт авсан аж ахуйн нэгж байгуулагдсанаас хойш таван жилийн хугацаанд аж ахуйн нэгжийн албан татвараас чөлөөлөгдөнө гэдэг заалт байсан нь маш том түлхэц болж, захирал ч гадаад улсад охин компани байгуулна гэсэн олон жилийн мөрөөдлөө биелүүлэн 2005 оны 2-р сарын 16-нд машины нарийн эд анги үйлдвэрлэх компани байгууллаа. Захирал яагаад бидний төлөө санаа зовниж, компаниа биднээр удирдуулахаар зориг шулуудсаныг таамаглашгүй. Магадгүй биднийг гурван жил шаргуу, тууштай хөдөлмөрлөж байсныг харж байсан болохоор итгэсэн болов уу.

Манай компани одоогоор 46 ажилтан, 15 техник хэрэгсэлтэйгээр 248 нэр төрлийн нарийн эд анги үйлдвэрлэж, Япон улсад 100 хувь экспортолж байна.


Элчин сайд Х.Кобаяши: Ардчилал эхэлснээс хойших 30 гаруй жилийн хугацаанд Монголд бизнесийн орчин нэлээд сайжирсан ч 15 гаруй жилийн турш тууштай үйл ажиллагаагаа явуулж буй компани тийм ч олон байдаггүй гэж бодож байна. Мэдээж Японы толгой компани (Санко Сейки ХК)-тай тогтоож чадсан харилцаа нь та бүгдэд маш их дэмжлэг болсон болов уу. Гэвч хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээсэн, сэтгэл ханамжтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй бол бизнесээ үргэлжлүүлэхэд хэцүү. Өнөөг хүртэл амжилттай яваа танай компанийн амжилтын нууц юу вэ?

Ч.Цэндээхүү: Манай толгой компани болох Санко Сейки ХК нь манай компанид маш их дэмжлэг болж байгаад талархаж байна. Одоогоор коронавируст халдварын тархалтын улмаас үйл ажиллагаа түр зогсоод байгаа ч ТУЗ-ийн дарга, захирал, үйлдвэрийн дарга, төв оффисын инженер зэрэг бүхий л ажилчид манай компанийг байнга дэмждэг. Түүнчлэн бид ханган нийлүүлэгч гэдэг үүрэг хариуцлагаа ухамсарлаж, өөрөөр хэлбэл эцсийн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг цаг алдалгүй үргэлжлүүлэн үйлдвэрлэхийн учиртайг ухамсарлаж байгаа нь өнөөг хүртэл тогтвортой ажиллах томоохон шалтгаан гэж бодож байна. Мэдээж Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бусад салбар компани, төрийн байгууллага, хамтран ажилладаг газрууд, ажилчдын ар гэрийнхний ойлголцол, дэмжлэгийг ч мөн мартаж болохгүй.




Элчин сайд Х.Кобаяши: Миний бодлоор, Монголд одоогоор цөөн хэдэн үйлдвэр аж ахуйн нэгж гадаад улс руу үйлдвэрлэлийн эд анги экспортолж байна. Далайд гарцгүй Монголын үйлдвэрлэлийн салбар нь олон улсын ширүүн өрсөлдөөн дунд амжилтад хүрэхэд юу чухал гэж та бодож байна вэ?

Ч.Цэндээхүү: Мэдээж машины нарийн эд анги үйлдвэрлэх (ялангуяа ган боловсруулах) салбарт Монголоос гадаад руу экспорт хийдэг компани цөөхөн байдаг. Олон улсын өрсөлдөөн ч ширүүн. Японы чанарын хатуу стандартыг дагаж мөрдөх ёстой бөгөөд энэ нь асар их хариуцлага шаарддаг. Амлалтаа биелүүлж, байнгын хүчин чармайлтаар ур чадвараа дээшлүүлж байх нь биднийг илүү их өрсөлдөх чадвартай болоход тусална гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа, одоо коронавируст халдвар нь ложистик (тээвэрлэлт)-т ихээхэн нөлөөлж байна. Өнөөдрийг хүртэл хугацаа нь тулсан бүтээгдэхүүнийг агаарын тээврээр, хангалттай хугацаатай бүтээгдэхүүнийг Хятадаар дамжуулан хуурай зам болон далайгаар тээвэрлэдэг байсан бол, одоо 80-90% нь агаараар тээвэрлэгдэж байна. Мэдээжийн хэрэг, энэ нь хөрөнгө мөнгө ихээхэн шаарддаг ч амлалтаа биелүүлэх хэрэгтэй.


Элчин сайд Х.Кобаяши: Ирээдүйд ямар зорилго тавьж байна вэ?

Ч.Цэндээхүү: Ирэх таван жилд бид тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж (3-6 машин механизм нэмж), шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн, ашгаа 30%-иар нэмэгдүүлэх зорилт тавин ажиллана. Үүний тулд ажилчдынхаа тоог ч нэмэх ёстой. Бид Японы зах зээлд экспортлоод зогсохгүй, Монгол Улсын хөгжилд цаашид хувь нэмрээ оруулах технологийн чадавхтай, боловсон хүчний нөөцтэй компани болох зорилт тавин ажиллаж байна.


Элчин сайд Х.Кобаяши: Техникийн дадлагажигчаар эсвэл тусгай ур чадварын тогтолцоогоор Японд очиж байгаа монгол залууст хуучин төгсөгчийн хувьд та юуг зөвлөх вэ?

Ч.Цэндээхүү: Хилийн дээс  алхаад хувь хүнээр биш, монгол хүн монголчууд гэж дуудуулна. Тийм болохоор монгол гэсэн нэр төрийг сайнаар авч яваарай гэж хэлмээр байна.. Мөн тодорхой зорилго тавьж, Японд өндөр технологи эзэмшиж, хариуцлагатай ажиллах хэрэгтэй бөгөөд ахуй амьдралаа дээшлүүлэхийн төлөө бас хичээгээрэй  гэдгийг хэлмээр байна.


Ч.Цэндээхүү: Ер нь монголчууд эрт дээр үеэс бэлчээрийн мал аж ахуй эрхэлсэн, байгалийн үр шимийг хүртэн, хөрш зэргэлдээ улс орнуудтай худалдаа наймаа хийх зэргээр өвөрмөц эдийн засгийн тогтолцоог бий болгосон. Зах зээлийн эдийн засгийн хөгжлийн талаар арвин туршлагатай Япон улстай харьцуулахад Монголд зах зээлийн эдийн засгийн талаарх ойлголт, туршлага дутмаг хэвээр байна гэж би ойлгодог. Цаашид хоёр улс харилцан ашигтай хамтын ажиллагаатай харилцааг бий болгохын тулд монголчууд боловсролоор дамжуулан юу сурах ёстой гэж та бодож байна вэ?

Элчин сайд Х.Кобаяши: Япон зэрэг хөгжингүй орнуудад хүүхэд байхаасаа л бүгд зах зээлийн эдийн засгийн талаарх ойлголт, туршлагаас суран өдөр тутмын амьдралдаа улам бататгасаар ирдэг. Өөрийнхөө туршлагаас харахад би хэдийгээр их сургуульд онолын эдийн засгийн чиглэлээр суралцсан ч зах зээлийн эдийн засаг гэж юу вэ, зах зээлийн эдийн засагт юу хийх ёстой вэ гэдэг практикийн асуудлын талаар бол сайн мэдэхгүй. Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжээд 30 гаруйхан жил болж байгаа тул шинэ тогтолцоонд ойлголт, туршлага дутмаг байгаа нь гарцаагүй байх гэж бодож байна

Гэвч миний үзэж байгаагаар бол Монголд ардчилал, зах зээлийн эдийн засаг зөв төлөвшиж байна гэж бодож байна. Тан шиг хүмүүс манлайлан, эдийн засгийн зөв тогтолцоог өөр өөрсдийн салбарт бий болгож байгаа нь монголчуудад ихийг сурах боломж олгож байгаа нь лавтай.


Элчин сайд Х.Кобаяши: Япон, Монголын эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд юу хэрэгтэй гэж бодож байна вэ?

Ч.Цэндээхүү: Хоёр талын эдийн засгийн солилцоог идэвхжүүлэхэд хууль эрх зүйн тогтолцоо чухал. Хуулийг цаасан дээр бус, ажил хэрэг болгох хэрэгтэй. Япон зэрэг гадаад улс орон Монголын эдийн засгийн солилцоог идэвхжүүлэхийн тулд Засгийн газрын удирдлага дор аж үйлдвэрийн бүс байгуулаасай гэж хүсэж байна. Энэ нь мөн зүгээр нэр төдий бус, цахилгаан, цэвэр, бохир ус, авто зам, төмөр зам, төрийн үйлчилгээ зэрэг үйлдвэрийн дэд бүтэц нь шийдэгдсэн, гадаадын хөрөнгө оруулалтыг татах орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна. Аж үйлдвэрийн бүс байгуулчихвал манайх шиг нарийн эд анги үйлдвэрлэдэг компаниудын бизнес эрхлэх боломж нэмэгдэнэ. Мөн компанийг тогтвортой ажиллах боломжтой болох хүртэл тодорхой хугацаанд татварын хөнгөлөлт зэрэг орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй байх.


Ч.Цэндээхүү: Элчин сайд та Монголын бизнесийн орчныг сайн мэдэж байгаа байх. Монголд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөгжүүлэхийн тулд ямар бодлого баримтлах шаардлагатай гэж үзэж байна вэ. Ер нь ямар салбарт боломж байгаа гэж бодож байна вэ?

Элчин сайд Х.Кобаяши: Юуны өмнө бизнесийн орчинд мэдээжийн зүйл байдаг ч, амлалтаа ягштал биелүүлж сураасай гэж хүсэж байна. Гэрээнд заасан төлбөр тооцоо нь хугацаанаасаа хэтэрсэн ч юм уу,талууд тохиролцоогүй байхад гэрээний агуулгыг дураараа зөрчсөн гэх мэт тохиолдол гардаг. Жаахан хоцорсон ч төлөхөд болно гэсэн ялигүй мэт боловч том асуудал болохуйц бодол Монголд байж болох ч, энэ бол бизнесийн дүрмийг зөрчсөн хэрэг юм. Дэлхийд зөвхөн Монголд л байдаг баялаг, зөвхөн Монголд үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүн байвал нөхцөл бололцоо нь бага зэрэг тааруу байсан ч гадны орнуудаас энэ салбарт хөрөнгө оруулалт орж ирэх болов уу.

Гэхдээ аль ч улсад үйлдвэрлэж болох бараа, бүтээгдэхүүн бол газар нутгийн онцлогоос шалтгаалсан тээвэрлэлтийн зардал гэх мэт ихээхэн бэрхшээлтэй тал бий.

Монгол Улсын Засгийн газар нь Монгол Улсын ийм нөхцөл байдлыг ойлгон, үндсэн дэд бүтцийг сайжруулах, татварын хөнгөлөлт гэх мэт давуу эрх олгохгүй бол гадаадын хөрөнгө оруулалт өөр бусад улс руу урсана.

Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд бусад оронтой өрсөлдөж байгааг бүрэн ойлгох нь чухал гэж боддог. Монгол Улс ашигт малтмалын арвин нөөцтэй учраас энэ нөөцийг хөгжүүлэх нь салбарын хувьд боломжтой гаргалгаа байх. Түүнчлэн дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхтэй холбоотойгоор монгол орны байгаль орчинд тулгуурласан сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь мөн нэг гаргалгаа юм. Үүнээс гадна газар тариалан, мал аж ахуй, мэдээллийн технологи, аялал жуулчлал зэрэг байгаль орчинд сөрөг нөлөө багатай, тогтвортой үйл ажиллагаатай салбарт асар их боломж байгааг хэлэх нь зүйтэй.



Холбоотой мэдээ