Хятадын төв нутгаас эртний хотын туурь олджээ

ДЭЛХИЙД | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-12-17 15:44:57

ЖЭНЖОУ. /Xinhua/. Хятадын төв нутгийн Хэнань мужаас Шан улсын /МЭӨ 1600-1046 он/ үед хамаарах хотын туурь, 20 гаруй булш, олон тооны эд өлгийн зүйл олджээ.


Аньян хотын Тайжяин суурингаас олдсон хотын туурь нь зүүнээс баруун тийш 560 метр, хойноос өмнө зүгт 330 метр талбайг эзлэх ажээ.


“Зохион байгуулалт, илэрсэн олдворуудаас нь үзэхэд Шан улсын үеийн чухал ач холбогдолтой хот байсан хэмээн үзэж байна” гэж Аньян хотын Соёлын дурсгалт газар, археологийн хүрээлэнгийн дарга Кун Дэмин мэдээлжээ.


Археологичид одоогийн байдлаар 27 булш, янз бүрийн төрлийн 172 эд зүйл илрүүлээд байгаагийн дунд хүрэл эдлэл, зэвсэг, багаж хэрэгслийн 70 гаруй хэлтэрхий, ваар, хаш эдлэл, ясаар хийсэн эд зүйлс багтаж байна.


Мөн хотын нутаг дэвсгэрээс оршуулгын газраас гадна зуух, худаг, ухсан нүх бүхий аж ахуй, үйлдвэрлэлийн бүс илэрчээ. Үүнээс гадна археологичид хотын зүүн талаар, мөн хойд зүгээс урагшаа 330 метр урт, зүүнээс баруун тийш 300 метр өргөн цагариг хэлбэрийн шуудуу олсноо хамгаалалттай нь холбон тайлбарлаж байна.


Хотын нарийн бүсчлэл нь тухайн газрын стандарт өндөр байсныг харуулжээ. Энэхүү олдвор нь Шан улсын үеийн соёлын судалгаанд өндөр ач холбогдолтой болохыг К.Дэмин цохон тэмдэглэсэн байна. Археологичид малтлагын ажлыг дөрөвдүгээр сараас эхлүүлсэн бөгөөд цаашид холбогдох судалгааг үргэлжлүүлэн хийх ажээ.  

Холбоотой мэдээ