Олон улсын роботын тэмцээнд ҮБХИС-ийн “Аравт” баг амжилттай оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-21 18:10:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази-Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооноос зохион байгуулдаг “ABU-ROBOCON 2021” олон улсын роботын 20 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаас ҮБХИС-ийн “Аравт”, ШУТИС-ийн “Цахим-Алт” багууд эх орноо төлөөлөн оролцсон юм.


Цахим хэлбэрээр болсон уг тэмцээнд тус холбооны гишүүн орнуудаас 12 улсын 21 багийн оюутнууд оролцож өөрсдийн зохион бүтээсэн роботуудаар сав руу сум шидэх даалгавар гүйцэтгэж өрсөлдөв. 


Монгол Улсаас оролцогч багууд ҮБХИС-ийн “Алтан-Илд” спорт цогцолбороос зохион байгуулагч улс, бусад оролцогчтой “VooVmeeting” платформоор оролцож, Монголын Үндэсний телевиз шууд дамжуулав.


Тэмцээнд оролцогч 21 баг 2 тойргоор тоглож, тус бүр 2 удаа “Сав руу сум шидэх даалгавар”-ыг гүйцэтгэн 80 оноо цуглуулан өрсөлдөж, дундаж оноогоор аварга багийг шалгаруулсан юм. ҮБХИС-ийн “Аравт” баг 1-р тойрогт 34 оноо, 2-р тойрогт 51 оноо цуглуулан нийт 42.5 оноо авч 18 дугаар байрт шалгарлаа.


Тус баг 3 дугаар сарын 15-наас энэ сарын 11-ний хооронд бэлтгэлээ базаасан бөгөөд робот техник зохион бүтээх, зүгшрүүлэх ажилд 9 багш, 28 сонсогч, оюутан, нийт 180 орчим ажилтан, алба хаагч оролцлоо. Нийт оюутнууд бэлтгэлийн туршид механик хийцийн загварчлал, тооцоог “Solidworks-2021” программ ашиглан гүйцэтгэсэн юм. Ийнхүү ҮБХИС-ийн “Аравт” баг анх удаа олон улсын тэмцээнд амжилттай оролцож туршлага, сургамж хуримтлууллаа.

Холбоотой мэдээ