Зам тээврийн ослын тоо багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-12-23 10:42:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хурлаар салбар зөвлөлийн энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэв.


Хурлын эхэнд салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба зөвлөлийн энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг танилцуулсан юм. Энэ онд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулахаар цагдаагийн удирдах газарт 224, тээврийн цагдаагийн албанд олон нийтийн 32 цагдааг томилсон байна. 


Мөн эрх зүйн орчныг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, сурталчилгааны ажлуудыг хийж, тоног төхөөрөмж, техник технологийн хангалтыг дээрх байгууллагад үзүүлэв. Тухайлбал, тээврийн цагдаагийн албанд тусгай тоноглол бүхий хөдөлгөөнт эргүүлийн 8 автомашин, этилийн спиртийн агууламжийг мэдэрдэг согтуурал зайнаас тандагч драгер төхөөрөмж 30, явуулын ажлын байр 1, замын хөдөлгөөнд хяналт тавих зорилгоор 55 ширхэг GPS төхөөрөмжийн зардлыг шийдэн тээврийн хэрэгслүүдэд суурилуулжээ


ТЦА-ны Замын цагдаагийн дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад зам тээврийн ослын тоо багассаныг мэдээлэв. Тухайлбал, энэ төрлийн осол, хэргээс үүдэн амь насаа алдах тохиолдол 14 хувиар багассан бол гэмтэж бэртсэн хүний тоо 6.6 хувиар багассан аж.


НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил бол хуулийн хүрээнд хэрэгжүүлэх чиг үүрэг юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэд  олон нийтийн оролцоо чухал. Тиймээс урьдчилан сэргийлэх ажилд салбар зөвлөлийн гишүүн байгууллага бүр олон нийтийн оролцоо, тэдний нөлөөллийг дэмжих нь зүйтэй” хэмээн тэмдэглэснийг НИТХ-ын ХМОНХТ мэдээлжээ.

 

Холбоотой мэдээ