Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өмнөх оны мөн үеийнхээс 10 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-12-23 12:49:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг энэ оны эхний 11 сард нийт 110 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 10 (10.0%)-аар өссөн байна. Харин энэ оны 11 дүгээр сард 15 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 7 (87.5%)-гоор өссөн байна.


Гэр бүлийн хүчирхийллийн улмаас энэ оны эхний 11 сард 8644 зөрчил бүртгэгдсэний 6435 (74.4%) зөрчлийг шалган шийдвэрлэсэн байна. Бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил өмнөх оны мөн үеийнхээс 1142 (11.7%)-оор, шийдвэрлэсэн гэр бүлийн хүчирхийллийн нийт зөрчил 1447 (18.4%)-гоор тус тус буурчээ.


Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 1305 хэргийн 110 (8.4%) нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг)–ээр зүйлчлэгдсэн байна.


Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг энэ оны эхний 11 сард 1305 болж, өмнөх оны мөн үеийнхээс 261 (25.0%)-ээр, эмэгтэй хүн оролцсон хэрэг 3214 болж, 28 (0.9%)-аар, хүүхэд оролцсон хэрэг 680 болж, 35 (5.4%)-аар нэмэгдсэн байна. Харин согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 4306 болж, 165 (3.7%)-аар, бүлэглэн үйлдсэн хэрэг 1259 болж, 127 (9.2%)-гоор, мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 155 болж, 31 (16.7%)-ээр тус тус буурчээ.


Гэмт хэргийн улмаас учирсан хохирол энэ оны эхний 11 сард 174.1 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 81.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс учирсан хохирол 79.9 (31.4%) тэрбум төгрөгөөр буурч, харин нөхөн төлүүлсэн хохирол 4.4 (5.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Холбоотой мэдээ