Дарханд томографийн оношилгоо хийж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболдоор ахлуулсан ажлын баг Дархан хотод ажиллалаа.
Уг ажлын баг Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламж, мэс засал,
гэмтэл, эрчимт эмчилгээний тасгийн үйл ажиллагаа болон тусламж үйлчилгээний
бэлэн байдалтай танилцаж, эмнэлгийн удирдлагуудтай санал солилцлоо. Мөн хэвтэн эмчлүүлэгчидтэй уулзан, тулгамдаж буй асуудал, ажилтан албан хаагчдын
санаа бодлыг сонссон юм.
Энэ үеэр Эрүүл мэндийн яамны хөрөнгө
оруулалтаар Дархан–Уул аймгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэн
шаардлагатай компьютер томографийн аппаратыг ашиглалтад хүлээлгэн өглөө. Энэхүү Siemens healthineers брэндийн
аппарат нь 64 зүсэлттэй сүүлийн үеийн тоног төхөөрөмж бөгөөд тус аппарат
ашиглалтад орсноор Улаанбаатар хот руу явахгүйгээр орон нутагтаа компьютерт
томографийн оношилгоог хийлгэх боломж бүрдэж байна.