“Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд инновац нэвтрүүлэх нь” аяныг дүгнэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-12-30 16:18:56

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд инновац нэвтрүүлэх нь” аяныг үнэлж дүгнэх, оны шилдэг ГХУСАЗСЗ, хамтарсан баг шалгаруулах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Аймгийн хэмжээнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомж зөрчих зөрчил түүний дотор гэр бүлийн харилцаатай хүнийг зодох зөрчил зонхилон үйлдэгдэж, улмаар жил ирэх тусам өсөх хандлагатай байгаатай холбогдуулан "Хамтарсан баг"-ийн үйл ажиллагаа, үйлчилгээнд шинэ санал санаачилга дэвшүүлэн ажиллах, гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор зохион байгуулсан “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд инновац нэвтрүүлэх нь” сэдэвт аяныг дүгнэв.

Энэхүү аяны үр дүнг үнэлж дүгнэх, гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт шатанд нь илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийг нөхөн сэргээхэд чиглэсэн цогц үйлчилгээ, хамтарсан багийн үйл ажиллагааны чанар, үр дүнг дээшлүүлэх, гэр бүл, хүүхэд хамгааллын асуудлаарх онцлох үйл ажиллагаа, сайн туршлагыг шалгаруулж олон нийтэд түгээх, шилдэг ГХУСАЗСЗ болон Хамтарсан багийг шагнаж урамшуулах зорилгоор аймгийн хэмжээнд ажиллаж буй 30 хамтарсан багийн ахлагч, нарийн бичиг, сумдын ГХУСАЗСЗ-ийн дарга нарыг хамруулан аймгийн ГХУСАЗСЗ, Прокурорын газар, Цагдаагийн газруудтай хамтран тус үйл ажиллагааг зохион байгуулсан юм. 

Үйл ажиллагааг нээж Аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж үг хэлсэн бол ГБХЗХГ-ын дэргэдэх морин хуурын "Хишигтэн" хамтлаг оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Мөн үеэр: 

-“Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд инновац нэвтрүүлэх нь” аяны тайлан, үр дүнг Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Х.Гүнжидмаа, 

-Хамтарсан багуудын 2021 оны хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хариу үйлчилгээний мэдээлэл, цаашид анхаарах асуудлын талаар ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Б.Мөнхзаяа, 

-Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдэх гэмт хэрэг болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл, анхаарах асуудлын талаар Цагдаагийн газрын Хүүхдийн байцаагч Д.Лхаасүрэн нар мэдээлэл хийсэн юм. Аймгийн оны шилдэг Хамтарсан багаар: 

1-р байр: Цээл сумын хамтарсан баг 

2-р байр: Тайшир сумын хамтарсан баг 

3-р байр: Есөнбулаг сумын Баянхайрхан багийн хамтарсан баг 

Тусгай байр: Есөнбулаг сумын Жаргалант багийн хамтарсан баг, Эрдэнэ сумын хамтарсан багууд тус тус шалгарлаа. Шилдэг хамтарсан багуудыг нийт 3.000.000 төгрөгийн мөнгөн шагнал болон Батламжаар шагнаж урамшуулав. 

Түүнчлэн хуулиар хүлээсэн чиг үүргээ хариуцлагатай биелүүлж, гэр бүл, хүүхдийн хөгжил хамгааллын төлөө идэвх зүтгэл гарган ажиллаж, хамтарсан багийн үйл ажиллагаагаа бусдад түгээн дэлгэрүүлэх “Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай” видео бичлэгийн уралдаанд идэвхтэй оролцсон Цээл, Тайшир, Эрдэнэ, Цогт, Алтай, Дэлгэр, Баян-Уул, Дарви, Есөнбулаг сумын Баянхайрхан баг, Есөнбулаг сумын Жаргалант багийн хамтарсан багуудад Талархал, бичиг хэргийн дэмжлэгийг үзүүлж, Есөнбулаг сумын хамтарсан багийн нарийн бичиг, ЗДТГ-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Баярмааг шагнаж урамшууллаа.


Холбоотой мэдээ