ААНБ-ын үйл ажиллагааг хязгаарлахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-01-12 12:05:06

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Эдийн засагт сөрөг нөлөөгүй, аж ахуйн нэгжид дарамт учруулахгүй байх арга хэмжээг аймгийн хэмжээнд баримтална. Тодруулбал аж ахуйн нэгж байгууллагын бизнесийн үндсэн үйл ажиллагааг хязгаарлахгүй, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй байх тал дээр аймгийн Онцгой комиссын гишүүд анхаарч ажиллана гэж аймгийн Засаг дарга, онцгой комиссын дарга Б.Азжарал мэдэгдлээ. Учир нь энэ сарын 15-наас буюу ирэх бямба гаргаас эхлэн зарим үйл ажиллагаанд хязгаарлалт хийхээр болсон.

Учир нь оны өмнөх хоёр долоо хоногт коронавирусний өвчлөл эрчимтэй буурч эмнэлгийн ачаалал багассан. Харин оны эхний долоо хоногт өвчлөлийн тохиолдол эрс нэмэгдэж, өвчлөлийн тохиолдол дөрөв дахин нэмэгдсэн.

Эрчимтэй тархаж буй коронавирусний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дараах гурван шийдвэрийг аймгийн Онцгой комиссын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд:

1. Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн бүх нийтийг хамарсан бүх төрлийн тэмцээн, уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлалаа.

2. Төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, семинар, сургалт зохион байгуулахгүй байхаар боллоо.

3. Сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй бөгөөд нийтийг хамарсан золголт хийхгүй байх, иргэдийг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг уриаллаа.

Холбоотой мэдээ