Хүүхдэд цахимаар үр дүнтэй сурах боломжийг нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-01-20 13:35:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран интерактив контент хэрхэн бүтээх тухай сургалтыг "Новотел" зочид буудалд өнөөдөр зохион байгууллаа.


КОВИД-19 цар тахлын үед сургууль, цэцэрлэг хаагдаж зайн сургалт руу шилжсэн нь хүүхдэд сурлагын хоцрогдол үүсэх эрсдэл үүсгэсэн. Телевизийн хичээлээс гадна хүүхдийн сурлага, хөгжлийг нэмэлтээр дэмжих зорилгоор 2020-2021 онд НҮБ-ын Хүүхдийн сангаас БШУЯ-тай хамтран цахим хичээл бүхий контент бүтээсэн юм.


Цахим аялал нэрийн дор боловсруулсан 104 ширхэг жишиг интерактив контент нь сурагчдын оролцоог хангасан, хүүхдийн онцлогт тохирсон сурагч төвтэй контент болсон. Мөн эдгээрийг казах, тува хэл, сонсгол болон харааны бэрхшээлтэй хүүхдэд тохиромжтой хэлбэрээр бүтээж, хүүхэд бүрийг тэгш хамруулснаараа онцлогтой. Дээрх төслийн амжилтад тулгуурлаж НҮБ-ын Хүүхдийн сангаас боловсролын цахим шилжилтийг дэмжих ажлын хүрээнд интерактив контентоо цаашид үе шаттай өргөжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Хоёр дахь шатны төслөөр сургуулийн өмнөх ба бага боловсролын нийтдээ 60 контент бэлтгэхээр ажиллаж байгаагаас гадна тоглоомоор дамжуулан заах арга барилыг турших юм. Төслийн гүйцэтгэгчээр үндэсний шилдэг контент боловсруулдаг компаниуд ажиллаж байна.

Өмнөх контентуудыг "Монгол контент" компани гүйцэтгэсэн бол энэ удаа "Марчаахай" болон "Номадик Бэйр Гэймс"-ийн хамтарсан баг шалгарчээ.


Бидний хамтран бүтээсэн интерактив хичээлүүд нь Монгол Улсын боловсролын салбар дахь цахим шилжилтийг дэмжих жишиг контент болж чадсанд бид баяртай байна. Техник, технологийн ачаар бид багш төвтэй сургалтаас сурагч төвтэй сургалт руу шилжиж байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд өөрийн онцлог, сонирхол, боломж, хурддаа тохируулан мэдлэгийг өөрөө олж авдаг цаг үе ирсэн. Үүнийг нь бид бүх талаар дэмжих ёстой хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коаусси-Комлан онцолсон юм.





Холбоотой мэдээ