Дархан-Уул аймагт шинээр байгуулах оюутны хотхоны газрын асуудлыг шийдвэрлэхээр болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-01-24 12:07:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны 10 дугаар сард Засгийн газрын тогтоолоор орон нутагт их, дээд сургуулийг сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Боловсролшинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын баг  Дархан хотод шинээр байгуулах оюутны хотхоны 30 га газартай танилцаж, аймгийн удирдлагууд газрын асуудлыг шийдвэрлэхээр болжээ.


Тус аймагт АШУҮИС, ШУТИС, ХААИС-ийн харьяа сургуулиуд үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр сургуульд нийт 2272 оюутан суралцаж, 137 үндсэн багш ажиллаж байна. Засгийн газрын тогтоолын дагуу их сургуулиудын хотхоны 16 га талбайд дахин төлөвлөлт хийж, шаардлагатай дэд бүтцийг байгуулах юм. Мөн шинээр 30 га талбайд Дархан хот дахь сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг байгуулна.


Цогцолборт оюутны байр, хичээлийн байр, инновацын төв, номын сан, инновац, технологи дамжуулах төв, туршилт судалгааны төв, их сургуулийн дэргэдэх эмнэлэг байгуулахаар төлөвлөжээ.


Хотхон байгуулагдсанаар цаашид оюутны тоо 5000-аар, багш, ажилтны тоо 417-гоор нэмэгдэнэ гэж үзэж байна. Их сургуулиудын хотхон байгуулахаас гадна орон нутагт суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг, багш нарт нэмэгдэл олгох, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах зэрэг тодорхой дэмжлэг үзүүлэх юм.

 

Дархан дахь АШУҮИС-ийн дэргэд эмнэлэг байгуулж, 2030 он гэхэд 100 мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Эмнэлэг барихад шаардлагатай 8,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөхөө Боловсрол, шинжлэх ухааны сайд хэллээ.

 

Түүнчлэн БШУ-ны сайд тус аймагт ажиллах үеэрээ МСҮТ-үүдийн удирдлагатай уулзлаа. Дархан-Өргөө, Уул уурхай, эрчим хүчний политехникийн коллеж, Дархан-Уул аймаг дахь политехникийн коллеж үйл ажиллагаа явуулдаг. Политехникийн коллеж төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт 80 гаруй хувьтай байдаг байна. Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв энэ сарын 1-нээс эхлэн Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяанд шилжээд байгаа юм.


Ташрамд дурдахад, их,  дээд сургуулиудыг орон нутагт хөгжүүлэх нь нийслэлд үүсээд буй түгжрэлийг бууруулахаас гадна хөдөө орон нутагт буй боловсон хүчнийг чадавхжуулах, цаашид бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах ач тустай юм.


Монгол Улсад 88 их, дээд сургуульд 150 мянган оюутан суралцаж байна. Үүний 143 мянга нь Улаанбаатар хотод, 7000 нь хөдөө орон нутаг дахь 8 их, дээд сургуульд суралцаж байна. Энэ нь нийт оюутны 92 хувь нь Улаанбаатар хотод суралцаж байна гэсэн үг юм. 


 


 

Холбоотой мэдээ