АНУ аюулгүй байдлын баталгааны талаарх ОХУ-ын саналд бичгээр хариу өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-01-27 10:26:03

МОСКВА. /TASS/. Европын аюулгүй байдлын баталгааны талаарх ОХУ-ын саналд АНУ бичгээр хариу өгчээ.


Вашингтоны бичгээр өгсөн хариуг Москвад суугаа АНУ-ын Элчин сайд Жон Салливан лхагва гарагт ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Александр Грушкотой уулзахдаа дамжуулан өгсөн байна. Уулзалт АНУ-ын Элчин сайдын хүсэлтээр болжээ.


Бичгээр хариу илгээсэн болохыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен баталжээ. Хэлэлцээ хийх орон зай үлдээхийн тулд АНУ-ын эрх баригчид ОХУ-д өгсөн хариугаа нийтлэх бодолгүй байна гэж тэрбээр лхагва гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр тэмдэглэсэн байна.


АНУ ОХУ-ын саналд бичгээр хариу илгээсэн тухай өмнө нь “Bloomberg”-ийн сэтгүүлч Женнифер Жейкобс твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. "АНУ-аас ОХУ-д илгээсэн хариуг аль хэдийн хүлээлгэн өгсөн" гэж тэрбээр бичжээ.


ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Төрийн Думын нэгдсэн хуралдааны үеэр засгийн газрын цагаар үг хэлэхдээ, хэрэв ийм хүсэлт ирвэл аюулгүй байдлын баталгааны талаарх АНУ-ын хариуг Орос нийтлэхгүй гэж мэдэгджээ. Үүний зэрэгцээ тэрбээр, Вашингтоны өгсөн хариуны агуулгыг олон нийтэд хүргэх болно гэж онцлон тэмдэглэсэн байна.


Москвагийн зүгээс Вашингтон болон НАТО-д санал болгож буй аюулгүй байдлын баталгааны тухай гэрээний төслийг ОХУ-ын Гадаад хэргийн яам өнгөрсөн оны 12 дугаар сарын 17-нд нийтэлжээ. АНУ болон Умард Атлантын эвслийн гишүүдтэй байгуулах хоёр гэрээнд НАТО-г дорно зүгт тэлэхээс /тус эвсэлд Украиныг гишүүнээр элсүүлэхээс/ татгалзах, түүнчлэн давшилтын зэвсэг тэр дундаа цөмийн зэвсэг байрлуулахад хязгаарлалт тогтоохыг санал болгожээ.


Холбоотой мэдээ