АНУ-д цахилгаан автомашиныг цэнэглэдэг зам тавина

ДЭЛХИЙД | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2022-02-07 14:12:00

ДЕТРОЙТ. /Business Insider/. Израилын Тель-Авив хотод төвтэй “Electreon Wireless” компани цахилгаан хөдөлгүүрт машиныг жолоодож байхдаа цэнэглэх боломжтой замын хэсгийг Америкийн Детройт хотод тавих гэж байгаа талаар "Business Insider" сонин мэдээлжээ. 


Энэхүү гарааны компани нь АНУ-д анхны ийм замыг тавьж байгаа бөгөөд дэд бүтцээ Швед, Израил, Италийн замд хэдийнээ нэвтрүүлжээ. Автомашины эзэд машинаа цэнэглэхийн тулд тусгай хүлээн авагч суурилуулах ёстой байна.


“Electreon Wireless” компани утасгүй цэнэглэх технологио ирэх жил нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд “Ford”, “DTE” компаниудтай хамтран ажиллах аж.


Цахилгаанжуулсан замын хэсэг нь 1.6 км урт байх бөгөөд Детройтод ашиглахаа больсон төмөр замын төв буудлын ойролцоо тавих аж. Мичиган муж улсын эрх баригчид энэ төсөлд 1.9 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд “Electreon Wireless” компанийн мэдээлснээр, төсөл 2023 он гэхэд бүрэн дуусна.


Замын энэ хэсэг нь явж байгаа эсвэл зогсож байгаа эсэхээс үл хамааран цахилгаан тээврийн хэрэгслийг индуктив цэнэглэгч хэмээх процессыг ашиглан цэнэглэх бөгөөд энэ систем нь замын гадаргуу дорх металл ороомгийн эрчим хүчийг цахилгаан тээврийн хэрэгслийн тусгай хүлээн авагч руу дамжуулахын тулд соронзон давтамжийг ашигладаг байна.


Мэргэжилтнүүдийн тооцоолж байгаагаар, тусгай хүлээн авагч нь нэг машиных 3 000-4 000 ам.долларын үнэтэй байх боловч “Electreon Wireless” компанийнхан 1000-1500 ам.долларт ойртуулна гэж найдаж байгаа аж.


Холбоотой мэдээ