Камила Валиеваг Олимпын тэмцээнээс хасаагүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2022-02-10 13:00:16

БЭЭЖИН. /TASS/. ОХУ-ын уран гулгагч Камила Валиевагийн Бээжингийн олимпын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээнд оролцох эрхийг хасаагүй байна. Энэ тухай ТАСС агентлагт ОХУ-ын уран гулгалтын холбооны хэвлэлийн атташе Ольга Ермолина мэдээлжээ.


"Камилагийн наадамд оролцох эрхийг нь хасаагүй. Бид Олон улсын олимпын хорооноос (ОУОХ) албан ёсны мэдэгдэл хийхийг хүлээж байна. Багийн тэмцээний медаль гардуулах ёслолыг зохион байгуулах өдрийг ч мөн ОУОХ товлох ёстой" гэж Ермолина хэлсэн байна.


Олимпын наадмын уран гулгалтын тэмцээний багийн төрөлд ОХУ-ын шигшээ баг тэргүүн байрыг эзэлж, хоёр, гуравдугаар байранд АНУ, Японы баг орсон билээ. Медаль гардуулах ёслол мягмар гарагт болох ёстой байсан боловч Олон улсын олимпын хороо Олон улсын тэшүүрийн холбооноос яаралтай тодруулах шаардлагатай хууль эрх зүйн нөхцөл байдлын улмаас цуцалснаа мэдэгдсэн юм.


Ийнхүү медаль гардуулах ёслол хойшлогдох болсны шалтгаан нь Оросын уран гулгагч Камила Валиевагийн сэргээшийн шинжилгээний асуудалтай холбоотой байж магадгүй гэж “Inside the Games” цахим хуудас лхагва гарагт мэдээлжээ. Тус цахим хуудсанд мэдээлснээр, Олимпын наадмын өмнө буюу 2021 оны 12 дугаар сард өгсөн шинжилгээнээс сэргээшийн төрлийн бодис илэрсэн байж магадгүй байна. “The Guardian” сонинд мэдээлснээр, нэр нь үл мэдэгдэх уран гулгагчаас илэрсэн бодис нь гүйцэтгэлийг сайжруулахад шууд нөлөө үзүүлдэггүй аж.


Хууль эрх зүйн асуудал нь 15 настай уран гулгагчийн настай холбоотой болохыг “Inside the Games” цахим хуудас тодотгосон байна. Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн дүрмийн дагуу Валиева 16 нас хүрээгүй тул сэргээшийн зөрчил гаргасан тохиолдолд албан ёсоор буруутгах боломжгүй юм.


Камила Валиева бол ОХУ, Европын аварга бөгөөд богино (90.45 оноо), чөлөөт (185.29) үзүүлбэр болон үзүүлбэрийн нийт оноогоор (272.71) дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг. Энэ удаагийн олимпын уран гулгалтын багийн төрлийн богино болон чөлөөт үзүүлбэрт Валиева 90.18, 178.92 оноо авч багаа эхний байрт авчирсан юм. Валиева "Самбо-70" спорт, боловсролын төвийг төлөөлдөг бөгөөд Этери Тутберидзегийн удирдлаган дор бэлтгэл хийдэг байна.


Бээжингийн олимпын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн энэ сарын 15-наас эхэлнэ. 

Холбоотой мэдээ