АТГ: Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт 97.5 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-02-14 12:28:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг авах хугацаа дуусахад нэг хоног үлдээд байна. Өнөөдрийн байдлаар албан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийн бүрдүүлэлт улсын хэмжээнд 97.5 хувьтай байгаа талаар АТГ-аас мэдээллээ.


Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн 1800 гаруй салбар байгууллагаас тус газарт ирүүлсэн урьдчилсан дүн мэдээгээр мэдүүлгээ гаргавал зохих 46.8 мянган албан тушаалтан байна. Үүнээс энэ сарын 14-ний байдлаар 45.6 мянган албан тушаалтан буюу 97.5 хувь нь мэдүүлгээ гаргажээ. Харин АТГ-т шууд мэдүүлгээ гаргах үүрэгтэй төрийн 338 өндөр албан тушаалтан байгаагаас 91 буюу 26.6 хувь нь гаргаагүй байна.



УИХ-ын 76 гишүүнээс 32 нь мэдүүлгээ өгөөгүй байна.


Албан тушаалтнууд жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор АТГ-ын https://meduuleg.iaac.mn/ цахим хуудсаар дамжуулан мэдүүлгээ шинэчлэн гаргах үүрэгтэй. Албан тушаалтан дээрх үүргээ хэрэгжүүлээгүй буюу ХАСХОМ-ийг хугацаанд нь гаргаж өгөөгүй тохиолдолд нийтийн албанаас халах хүртэл сахилгын шийтгэл хүлээх эрх зүйн зохицуулалттай юм




Холбоотой мэдээ