БНСУ-д "COVID-19" халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-02-14 14:17:57

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д коронавирусний халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбар хурдацтай тархаж байгаагийн улмаас өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо таван өдөр дараалан 50 мянга даваад байна.


Даваа гаргаас БНСУ-д “COVID-19”-ийн вакцины дөрөв дэх буюу хоёр дахь нэмэлт тунг дархлаа султай хүмүүст тарьж эхэлсэн талаар эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд мэдээлжээ. Асрамжийн газрын өвчтөнүүдэд ирэх сарын эхэн үеэс мөн дөрөв дэх тунг тарьж эхэлнэ.


Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 54619 тохиолдол илэрснээс 54513 нь дотоодод халдварласнаар ийм тохиолдлын нийт тоо 1 405 246-д хүрсэн байна.


Ингэснээр БНСУ-д өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо таван өдөр дараалан 50 мянга давжээ. Бямба гарагт 56428 хүнээс халдвар илэрсэн нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. “Омикрон” хувилбарын тархалтын улмаас өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо өнгөрсөн лхагва гарагт анх удаа 40 мянга давж, түүнээс нэг өдрийн дараа 50 мянгад хүрчээ.


Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд энэ сарын эцсээр өдөрт 170 мянган тохиолдол илэрч болзошгүйг анхааруулаад байна. Мөн Математикийн шинжлэх ухааны үндэсний хүрээлэн ирэх сарын эхээр өдөрт 360 мянган хүнээс халдвар илэрч болзошгүй хэмээн тооцоолжээ. 


Даваа гаргийн байдлаар, БНСУ-ын 52 сая хүн амын 29.43 сая нь буюу 57.3 хувь нь вакцины нэмэлт тунд хамрагдаад байна. Мөн 44.22 сая хүн вакцинд бүрэн хамрагдаад байгаа нь хүн амын 86.2 хувьтай тэнцэж байна. 

Холбоотой мэдээ