Мөнгөнморьт сумын шинэ хоршоод албан ёсны гэрчилгээ, тамгаа гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-02-15 20:43:24

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн “Хөдөө аж ахуй, Үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалтын анхан шатны нэгж болох хөдөө аж ахуйн хоршоог Мөнгөнморьт суманд байгуулж, эхний 6 хоршоо гэрчилгээ, тамгаа гардан авлаа.


Мөн шинээр гурван хоршоодын гэрчилгээг хүлээж байгаа талаар албаныхан мэдээлж байна. Ингэснээр тус сум нь мал аж ахуй, газар тариалан болон бусад чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нийт 11 хоршоотой болох юм.

Шинээр байгуулж буй хоршоод нэгдэж улмаар дундын хоршоо болон өргөжих юм. Хоршоод болон дундын хоршоо хөгжсөнөөр орон нутагт үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, борлуулалтын нэгдсэн сүлжээ, санхүү, хөрөнгө оруулалтын урсгал бий болно гэж харж байгаа талаар албаныхан хэлж байгаа юм.


“Төв аймгийн Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийн төслийн зорилго нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуйд тулгуурлан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийн шинэ загварыг тодорхойлох юм. Уг төсөлд Төв аймгийг дөрвөн бүс болгон мах болон дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, гурил тэжээл, хуурай сүү, ургамлын тос, бордоо, цардуул, шахмал хавтангийн үйлдвэр, гахай, тахиа, үнээний фермийн төслийг хэрэгжүүлэх, хүлэмжийн аж ахуйн цогцолбор байгуулахаар төлөвлөжээ. 

 

Холбоотой мэдээ