Завхан аймгийн ЗДТГ-ын даргаар Г.Мягмарсүрэнг томиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Аймгийн Засаг даргын
Тамгын газрын дарга Л.Лхамсүрэн гавьяаныхаа амралтыг авч үүрэгт ажлаа
Г.Мягмарсүрэнд хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өглөө гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Л.Лхамсүрэн нь төрийн албанд 30 гаруй жил ажилласнаас сүүлийн 22 жил удирдах албан тушаал хашсан төрийн жинхэнэ албан хаагч, Төрийн албаны тэргүүний ажилтан юм. Түүнийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажилласан таван жил таван сарын хугацаанд Завхан аймаг Авлигатай тэмцэх газрын шударга байдлын үнэлгээгээр улсад хоёр жил дараалан тэргүүлсэн. Мөн аймгийн Төрийн албаны салбар зөвлөл ажлаараа улсад тавдугаар байр, тус аймгийн ЗДТГ ажлаараа улсад зургаадугаар байр эзэлсэн. 2021 онд төрийн албаны шалгалтыг хуулийн дагуу амжилттай зохион байгуулсан шилдэг таван аймгийн нэгээр тус тус шалгарсан зэрэг олон амжилтыг үзүүлсэн юм. Мөн төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу төрийн албаны шинэтгэлийг орон нутагт манлайлан хэрэгжүүлсэн билээ. Тэрээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх үеэр төрийн бодлого шийдвэр, хуулийн хэрэгжилтийг үр дүнтэй хангаж ажиллах талаар залуу боловсон хүчинд захиас сургамжаа хэлж, төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр гардууллаа.
Г.Мягмарсүрэн
нь төрийн захиргааны менежер, философи, нийгмийн ухааны багш мэргэжилтэй.
Төрийн албанд 12 жил ажилласнаас ахлах түшмэлийн албан тушаал буюу аймгийн Гэр
бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар сүүлийн 9 жил ажиллаж байгаад 2-р
сарын 16-ны өдөр Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар
томилогдлоо. Тэрээр төрийн бодлого шийдвэр, хуулийн хэрэгжилтийг хангахад
онцгойлон анхаарч монгол төрд хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдгээ илэрхийллээ гэв.